Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.04.17 10:15
1604
Хөгжлийн банкны шүүх хурлыг дахин хойшлуулах саналыг өмгөөлөгч нар гаргаж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.04.17/ "Улаанбаатар" чуулгын байранд эхэллээ. 

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх,  гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж ийнхүү шүүх рүү шилжүүлээд байгаа юм. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Болдбаатар даргалж, хуралд яллагдагчаар татагдсан 80 хүний 79 нь хуралд ирээд байгаа бол дөрвөн хуулийн этгээдийн гурав нь ирсэн байна.

Өмгөөлөгч нарын зүгээс ирцтэй холбогдуулан хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа бол зарим гэрчээр оролцох хүмүүс ирээгүй учир хурал хойшлох нэг шалтгаан болж байна гэж үзэж байна.