Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Таван богд" компани тохижилт хийж ногоон байгууламжийг сүйтгэн дэлхийд данстай "KFC" түргэн хоолны газар барих гэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсэн.
УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгийн хувьд байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр цэцэрлэгт хүрээлэнгийн 85 хувь нь ногоон байгууламж байх ёстой, усны ундарга бүхий газарт бүтээн байгуулалт хийж болохгүй. Энэ бол парк биш цэцэрлэгт хүрээлэн, намайг цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байх үед хийгдсэн ногоон байгууламжийг сүйтгэж болохгүй, ногоон байгууламжийг бий болгоход хэчнээн их хөрөнгө мөнгө зардаг вэ гэдгийг Ү.Оюунзул дарга мэдэж байгаа шүү дээ. Иргэдээс маш их гомдол санал ирж байгаа гэсэн юм.
Харин "Таван богд" фүүдсийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын хувьд " Бид хүсэлтийн дагуу ногоон байгууламжид ямар нэгэн хөшөө дурсгал янз бүрийн бүтээн байгуулалт хийхгүй гэдгээ хэлсэн байгаа. Усан оргилуур, ногоон зүлэгтэй хүүхдийн тоглоомын талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан саравч, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх дуу хөгжмийн талбай зэрэг зүйлүүдийг хийж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
"Нэгэнт төлөвлөлт хийгдээд таригдсан модыг шилжүүлэхээс эхлээд асуудал болно. Миний хувьд үүн дээр эсрэг байр суурьтай байгаа. Шинээр мод тарих тухай ярьж байхад тарьсан модыг төлөвлөлт хийх нэрийдлээр шилжүүлэх тухай асуудал байж болохгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тавьж байгаа асуудал буруу зүйл биш, хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татаж төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтран ажиллах гэдэг зарчим бол зөв. Энэ зарчмын хүрээнд ажиллаж байгаа гэж ойлгож байна. "Таван богд" группийн зүгээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж хийх гэж байна, элдэв хоол хүнс худалдаалахгүй. Шаардлагатай бол энэ төслөө зогсоож болно гэдгээ манай яаманд мэдэгдсэн. Гэвч газар дээр нь ирээд үзэхэд 82 орчим модыг шилжүүлсэн байна" гэсэн юм.
Улмаар ҮЦХ-ийн захирал Ү.Оюунзул Таванбогд группийн ерөнхийлөгч Баатарсайханд давуу эрх олголоо гэх мэдээллийн дагуу ҮЦХ-ийн захирал Ү.Оюунзулаас бодит байдлыг тодрууллаа.
Тэрээр" Бид ямар нэгэн ерөнхий төлөвлөгөө болон тохижилтын даалгавар эвдсэн зүйл байхгүй. Улсын онцгой объектод хэрэгждэг бүх хууль дүрмийн дагуу тухайн компанитай гэрээ хийж нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төсөл хэрэгжиж байна. "Таван богд" фүүдс ХХК-д олгож буй 1,1 га газар бол 2018 оноос яригдаж эхэлсэн төсөл, тухайн компани хөрөнгөө босгож манай алба хаагчидтай зургаа гаргаж төслөө боловсруулах, гэрээ боловсруулах зэрэг ажлууд хийгдээд явж байна.
Анхнаасаа барилга барихгүй, худалдаа болон хоол үйлчилгээний газар ажилуулахгүй, хөшөө дурсгал босгохгүй гэдэг зүйлийг ярьж тохирсон.
Энэхүү 1,1 га талбайн 0,6 га талбайд нь хүүхдийн тоглоомын талбай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад, залуучуудын үйлчлүүлэх орчин бүрдүүлнэ. Харин 0,5 га-д усжуулалтын боловсон системтэй 300 гаруй мод тарина гэсэн төлөвлөгөөний дагуу явж байна.
Монгол улсад ард иргэдийн өмчийг авсан сөрөг зүйлүүд маш их байдаг учраас олон нийт хардаж болно.
Үнэхээр хууль зөрчсөн ажил хийж байгаа бол холбогдох байгууллагууд нь ирээд зогсоох боломж байгаа. Ерөнхий төлөвлөгөө эвдэгдээгүй, тохижилтын даалгавраар л ажил нь явж байна. Энэ бол цэцэрлэгт хүрээлэнд хийгддэг ажлуудын л нэг буюу 31 дэх төсөл. Бүтээн байгуулалт дууссаны дараа иргэд ирж хараад ойлгох байх.
Цэцэрлэгт хүрээлэн, Таван богд хоёрын хооронд ямар нэгэн хувийн болон байгууллагын ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг баттай хэлье" гэв.