ЦЕГ-аас өнөөдөр урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас дахин тодруулга өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: "Өнөөдрийн ЦЕГ-ын хэвлэлийн хурлын үеэр өгсөн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мушгин гуйвуулсан асуудал гарлаа.
Цагдаагийн байгууллагад 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Э-ээс "Манай захирал БНХАУ-ын иргэнийг үл таних гурван залуу зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна" гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 онд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хийсэн албаны мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гуйвуулж, буруу ташаа мэдээлэл нийтэлж, Шадар сайд С.Амарсайхантай холбож байна. Бусдыг заналхийлсэн уг хэрэг нь Шадар сайд С.Амарсайхантай огт холбоогүй гэдгийг тогтоосон.
Дашрамд дурдахад, мэдээ мэдээллийг түгээхдээ албаны эх сурвалжаас тодруулан мэдээлж байх шаардлагатай" гэв.