Өнөөдөр /2023.04.20/ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь 1962 оны 4 дүгээр сарын 20-нд мэндэлж, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нас барсан билээ. Өнөөдөр тэрбээр амьд сэрүүн байсан бол 61 нас хүрэх байсан юм.
Түүний хөшөөнд төрсөн дүү нь болох УИХ-ын гишүүн асан С.Оюун цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ЗГ-аас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож буйг мэдэгдсэнтэй холбогдуулан түүнээс байр суурийг нь тодрууллаа.
С.Оюун: Ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр ахын минь төрсөн өдөр болов ч хэрэг л яригддаг. Өчигдөр Засгийн Газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг зөв гэж бодож байна. Анх 2016 онд энэ хэргийг шүүх рүү явах үед хэргийн материалтай анх танилцаж байсан. Анхан шатны шүүх нь 12 сард болж байлаа. Тэр үед огт итгэл үнэмшилгүй байсан ч бүх хэрэг төрийн нууцад хамаарч байсан бөгөөд шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас гэр бүлийнх нь зүгээс эсэргүүцээд оролцоогүй.
Эргэлзэж байгаагаа хэлсэн ч төрийн нууцад хамаарч байсан тул яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Тухайн үед нууцаас гаргахыг шаардаж байсан ч харамсалтай нь энэ хэрэг гурван шатны шүүхээр батлагдаад хүмүүс шоронд орсныг хэлмэгдсэн гэж боддог.
Юун түрүүнд энэхүү хэргийг ЗГ нууцаас гаргах тогтоол гаргасан ч прокурорын шатанд бүтэн хэрэгжээгүй. Энийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд С.Зориг агсны үхлийн хэргийг илрүүлж чадахгүй олон жил явж байгаа, захиалагч, гүйцэтгэгчдийг олохгүй юм аа гэхэд хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байсан. Хэрэг гараад 25 жил боллоо, мэдээж гэр бүл нь насан туршдаа гомдолтой байна. Энэ хэрэг илрэхгүй үлдэж болохгүй. Ямартай ч хэргийн төлөө тууштай явж буй Л.Оюун-Эрдэнэ сайд, Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарт баярладаг.
Шууд үзэх: