Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.04.21 18:50
9342
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨЛМИЙДӨӨ ГИШГЭСЭН ГЕНЕРАЛ ЦОЛ

Монгол төрийн үе үеийн Ерөнхийлөгчдийн хайр хишгийг  хангалттай хүртсэн эрхэм бол “хошууч генерал” Б.Хурц билээ. Тэрээр Ц.Элбэгдоржийн үед Д.Сүхбаатарын одонгоор шагнуулж, Германы шоронгоос шууд АТГ, ТЕГ-ын даргын сэнтийд морилж, Х.Баттулгын үед Солонгост Элчин сайдаар томилогдохоор зүтгүүлж, бас Монголын шоронгоос шууд суллагдаж байлаа.

С.Зоригийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн иргэдийг цагаатгасантай холбоотойгоор Б.Хурц гэдэг хүнийг жигшин зэвүүцсэн хандлага, ялангуяа, өнөөгийн төр засгаас энэ хүнд хариуцлага тооцож чадахгүй байгаа талаарх сошиал ертөнц дэх иргэдийн шүүмжлэл дургүйцэл асар өндөр хувьтай болж байна. 

Б.Хурц нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хэрэг үүрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн эрүүгийн гэмт хэрэгт 2021 оны 03 сарын 31-ний өдрийн Улсын Дээд шүүхийн  тогтоолоор Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, албаны эрх мэдлээ ашиглаж бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлд... Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно... гэж тодорхой заасан.

Гэтэл иргэдийн нүдний өмнө хөрөнгө мөнгө, аргатай зальтай этгээдүүд хуулиас гадуур эрх мэдэл, давуу байдал эдэлж, энэ байдлаа энэ ч улс төрч, тэр ч даргын найз учраас өөрсдийг нь хэн ч яаж ч чадахгүй гэж нийтэд ойлгуулж, бардамнаж байгаад үнэн голоосоо жигшин зэвүүцэж байгаагаа ард иргэд ил тод хэлсээр байна.

Хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гомдол гаргах аваас Б.Хурц ямар зорилгоор тэдгээр хүмүүст хэрэг үүрүүлснээ тайлбарлах ёстой болох ба  албан тушаалаа урвуулж хүнийг хилс хэрэгт унагаасан үйлдэлдээ дахин эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой төдийгүй, түүний хадам ааваасаа өвлөсөн гэх 53 тэрбумын үнэт эдлэлээс эхлээд АСЕМ-ын хаус, Шангрилла зочид буудлын бүтэн 1 давхарыг эзэгнэсэн орон сууц, ИЗНИС компанийн хөрөнгө зэргийн эх үүсвэрийг  шалгавал нэлээд зүйл тодорхой болох магадлалтай талаар яригдаж эхэлжээ.  Мөн АТГ, ТЕГ-ын даргаар ажиллаж байх үед нь хуулийн хонгилд  хэлмэгдэж, амьдралаараа хохирсон гэх олон хүн гомдол гаргах нь тодорхой болж байх шиг байна.  

Та бүхэн санаж байгаа бол, Б.Хурцтай адил гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож хорих ял шийтгүүлсэн Чиммэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадийн генерал” цолыг 2018 оны 04 сарын 24 ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж  хураасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр зарлигаар баталсан Цэргийн цол олгох журмын 6.5-д ... Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн... цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтан хураан авна , мөн журмын 6.7-д ...Цэргийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгчийн зарилгаар хасна гэж тус тус хуульчилсан байна.

Харамсалтай нь, Улсын Дээд шүүхийн  тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж суллагдсан ялтан Б.Хурц гэгчид хууль үйлчлэхгүй, төрийн эрхэм хүндтэй цол хэргэмийг эдэлсээр яваа нь хууль шудрага ёсонд нийцэхгүй, энэ хүнд зохих хариуцлагыг нь тооцож төрийн цол хэргэмийг хурааж авахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, ард иргэдээ алагчилсан явдал гэдгийг иргэд харж, жигшиж байна.

Энэ үүднээс, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Цэргийн цол олгох журмыг тус тус үндэслэн, эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь бүх шатны шүүхээр батлагдаж, хорих ял шийтгүүлсэн Бат овогтой Хурцад олгосон Хошууч генерал цолыг хурааж авах нь Монгол Төрийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулиар тогтоосон хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёсыг хангахад чиглэсэн чухал алхам болох юм.

Мөн Б.Хурцтай хамт ял шийтгүүлсэн Ж.Мөнхгал нарын АТГ, ТЕГ-ын ажилтнууд Э.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алсан “хэргийг” илрүүлсэн гавъяагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор үнэлүүлж, “Д.Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан байдаг. Эдгээрийг ч мөн яаралтай хурааж авах нь иргэдийн хүлээлт, хууль шудрага ёсонд нийцнэ.

Сүүлийн жилүүдэд нийгэмд бий болсон төрийн шагнал, цол хэргэм, ялангуяа эрхэм дээд генерал цолны үнэгүйдсэн нэр хүндийг өргөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ шийдвэр амин чухал хийгээд цаг үеэ олсон ач холбогдолтой ажгуу.