Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.25 16:31
5025
Сибирь хушны үр зөвшөөрөлгүй түүсэн иргэнийг 53 сая төгрөгөөр торгожээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн А нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 107.5 кг сибирь хушны үр идээг зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд А нь Байгалийн ургамлыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэжээ.

Улмаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, байгаль орчинд учруулсан 53 сая төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сибирь хушны үр идээ нь ойн дагалдах баялаг аж. Иргэн А Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: УЕПГ