XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач, Төрийн шагналт, Ардын Жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбуу гуайтай ярилцлаа.
Монголын циркийн урлагийг дэлхийд гайхуулж, уран нугараачийн ур чадварыг гайхуулж явсан тэрээр 18 настайдаа Гавьяат жүжигчин цол хүртэж 23 насандаа Төрийн шагнал хүртсэн юм. Циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа түүнтэй цирк тойрсон асуудлаар ярилцсаныг уншигч та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр Монгол улсад циркийн урлаг ямар түвшинд хүрсэн гэж харж байна вэ?
Цирк хувьчлагдаж үндсэндээ бид орон гэргүй л болсон гэсэн үг. 2019 онд хамгийн сүүлчийн хүмүүсийг хөөгөөд гаргасан даа. Уран бүтээлийн хувьд урийн сангийн бодлого гэдэг зүйл огт байхгүй болсон. Циркийн сургуулиас хэдэн номер гараад гадагшаа явж байна, хэдэн студи ажиллаж , энд тэнд хорогдоод явж байна даа. Циркийн хувьчлалын талаар их олон удаа хэлсэн дээ. Үнэндээ цөхөрч байна. Хувьчлал маш буруу явагдсан, улсын бодлого гэж юм байхгүй байсан. Цирк бол орон зайн урлаг, орон зай нь байхгүй болчихоор хэдэн тайзны үзүүлбэр л үзүүлж байна даа.
Би өөрийнхөө мэргэжил болох уран нугаралт дээр аваад үзэхэд олон хүнтэй номер үзүүлэх гэхээр зай байхгүй, өндрийн хэмжээ байхгүй, аюулгүй ажиллагаа байхгүй тиймэрхүү л бүтээлүүд гарч байна. Хөгжлөөрөө, уран бүтээлийн бодлогоороо 60, 70, 80-аад оны үед бол Монголын цирк Дэлхийд эхний гуравт ордог байлаа.
Одоо бол гудамжны циркийн хэлбэрт орчхоод байна, Харамсалтай байна. Манай удирдлагууд зоригтой шийдвэр гаргаж циркийн барилгыг буцаагаад авчих л хэрэгтэй юм л даа. Өгдөггүй л юм байна лээ.
Би нэг л юмыг ойлгодоггүй юм. Барилгыг нь хувьчилж авсан юм уу? Урлагийг нь хувьчилж авсан юм уу гэдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Үүнийгээ Аса групп ойлгодоггүй л юм шиг байна лээ. Угтаа циркийн урлагийг унагахгүй цааш нь хөгжүүлнэ гэж хэлж авсан юм гэнэ лээ. Эхний хоёр гурван жил гайгүй байсан, сүүлдээ жүжигчдээ хяргасаар байгаад 3 багш нэг хамтлагтай л үлдсэн дээ. 2019 оны 5-р сард биднийг засвар хийнэ гэх нэрээр хөөгөөд гаргасан. Одоо тэгээд хоосон барилга болж хувираад 3,4 жил болж байна.
Тухайн хувьчлагдаж байх үед байсан удирдлагууд дээр та ямар дүгнэлт хэлэх вэ?
Төрийн өмчийн хорооны дарга нь Өвөрхангайн хүн байсан. Би тэр хувьчлах үед нь Монголд байгаагүй, их л сайхан юм ярьж байгаад хувьчилж авсан юм шиг байгаа юм. Циркчид нь өөрсдөө хувьчилж авсан бол өөр хэрэг үндсэндээ сүмогийн ордон болгож цэнгээний газар болгоно л гэж авсан юм шиг байгаа юм.
Намайг гарах үед Асашёорюү Д.Дагвадорж аваргын эхнэр гэж хүүхэн дарга нь болсон гэсэн. Царайг нь ч хараагүй. Үнэхээр харамсалтай байна даа, энд тэнд гуйлга гуйж байр түрээсэлж тоглолт хийгээд, бөхийн өргөө гэх мэт..
Өмнө нь цирк 7 хоног болгон хүүхэд, залуучуудад нэг тоглолт үзүүлдэг байсан шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил циркийг хүүхдүүд мэдэх ч үгүй өсөж байна, шинэ барилга барихад зардлыг дийлэхгүй байгаа улс шинэ барилга барина гэж мөд байхгүй дээ. Түүний оронд хуучин барилгаа буцаагаад өгвөл үүнийгээ тордоод томруун үзүүлбэр, тоглолтуудаа хийгээд явмаар байгаа юм. Болдоггүй л юм байлгүй дээ. Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдад дуу хоолойгоо хүргэж ирсэн.
Би өнөөдрийг хүртэл юунд харамсаж явдаг вэ? гэхээр циркийн урлагийн 20 жилийн хөгжмийн архивыг тэр чигээр нь шатаасан. Үүнийг үнэлбэл Д.Дагвадоржийн цирк хувьчилж авсан мөнгөнөөс илүү гарна шүү. Жүжигчдийн хэрэглэж байсан хэрэгсэл, хувцсыг шатааж байхаар өөр өөрт нь өгчхөж болоогүй юм байхдаа. Аж ахуйн хашаандаа аваачиж очоод шатаасан гэнэ лээ.
Би тухайн үед өөрийнхөө мөнгөөр шавь нартаа хувцсаа хийх шкаф 100 айлаас авч тавьж байсан, тэрийг хүртэл авах гээд очиход зарсан гэж байсан. Харамсалтай л юм байна лээ. Хүний өмчийг зарж болохгүй биз дээ.
Танд Д.Дагвадорж аварга циркийн байр барьж өгнө гэж амлаж байсан юм байна лээ?
Тийм. Цирк хувьчилж байхад Д.Дагвадорж аварга надад хэлж байсан юм. Таньд их гоё заал барьж өгнө гэж байлаа. Заал барьсан гэвч намайг оруулаагүй. Сайн жүжигчид бэлдэх зам мөр бол үнэхээр дутагдаж байна.
Би бол цөхөрч байна, туйлдаж байна. Д.Дагвадоржийн ээжид хүртэл ярьж хэлж байсан, тухайн үед Д.Дагвадоржийн дүүгийнх нь нөхөр гэж залуу ирээд биднийг зарц аятай, энд сууж болохгүй, хувийн өмч гэж байхад нь тэсээд л байдаг байсан.
Та багшийнхаа ойг тэмдэглэх гэж Аса циркийн менежер эмэгтэйн урд өвдөг сөгдөн гуйж байсан гэж сонссон?
Тэгсээн. Багшийнхаа ойг тэмдэглэх гэж сургуулилалт хийх газар байхгүй гуйж байлаа. Тэгээд очоод гэрээ хийх гэтэл танайх эрт гэрээгээ хийгээгүй өөр хүнд түрээсэлсэн гээд суучихсан даа. Тэгээд хөдлөхгүй байхаар нь тэр хүүхний өмнө мөргөн сөгдөж гуйж байж авсан. Түүнээс хойш Аса-д сүсэггүй болж, циркээ авах л ёстой юм байна гэдгийг дахин ойлгосон доо.
Сүүлдээ хамтлагаа авч үлдэхийн тулд, ард түмнээс хандив гуйсан. Одоо 50 сая төгрөг цугларсан. 2-3 өрөө байр аваад хүүхдүүдийнхээ бэлтгэлийг л хангамаар байна даа. Намайг үхэхээр хэдэн шавь нар минь тараад явна. Орон байртай үлдээх юмсан даа л гэж бодож байна.
Та цөхрөнгөө барж байна гэлээ. Соёлын яамтай болж арай нааштай хариу сонсох болов уу гэсэн хүлээлт байна уу?
Соёлын яамны сайдын аав нь бизнесмен юм байна лээ. Хүний өмчийг булааж болохгүй гэдэг юм яриад байгаа юм. Хүний өмчдөө биш урлаг гэдгээр нь харах хэрэгтэй. Энэ барилга Аса аваргын өмч байх нь хэрэгтэй юу? Монголын циркийн урлагийг цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдгийг харах хэрэгтэй байна.
Одоогийн төрийн удирдлагуудад та найдлага тавин хүлээж байна уу?
За даа. Мэдэхгүй дээ. Хүлээгээд байх юм алга. Гэхдээ одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр сайн ажиллаж байгаа гэж харж байгаа шүү.
Монгол улс хувийн циркийн байранд жүжигчний ангийн хүүхдүүдээ бэлдэж байна. Тухайлбал Зола Бросс цирк. Үүн дээр юу хэлэх вэ?
Үнэн үнэн. Харин тэр залуучуудад баярлаж байна. Консерваторийн дэргэдэх циркийн анги хүртэл хүүхдүүдээ тэнд бэлтгэлийг нь хийлгэж байгаа шүү дээ. Огт байр байхгүй бол хэцүү. Монголын циркчид монголдоо тоглолт үзүүлэхгүй эхлээд шууд гадаадад үзүүлж байна. Ихэнх нь уран бүтээлээ хаяж байна даа.
Ярилцлагынхаа төгсгөлд та уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
Монголын ард түмэн хандив цуглуулаад бөхийн өргөө барьж болсон. Тэрэнтэй адил хандив цуглуулаад циркийн барилга бариад өгч болох уу гэж хэлмээр байна. Барьж чадна. Урлаг бол ерөөсөө бизнесийн байгууллага биш. Гэтэл бүгд зоосны нүхээр л шагайдаг юм байна. Энэ эмгэнэлээс хэзээ гарах юм бол бүү мэд. Миний нас хүрэхгүй байх
Циркчид төр засгаас их горьдож байгаа яг үнэндээ. Монголын ард түмэн хэзээ циркийн байртай болохыг бүү мэд. Үүнийг төрийн өндөрлөгүүд л мэднэ. Ядарсан би, ядарсан хэдэн жүжигчид хашхираад хашхираад дийлдэггүй юм даа. Монголын ард түмэн хэзээ циркийн урлагтайгаа танилцахыг бүү мэд, цөхөрч байна даа.
Ярилцсанд баярлалаа танд.