Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.27 17:15
10737
Г.Амартүвшин: Хөгжлийн банкны хэргийг эрүүгийн хуулийн нүдээр харах нь надад ойлгомжгүй л байгаа

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 9 дэх өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд шүүгдэгчээр татагдан хуралд оролцож мэдүүлэг, тайлбар өгч байгаа юм.  2023/04/27-ны өдрийн хуралд оролцож тайлбар мэдүүллээ. 

Тэрээр" Би улс төрч гэхээсээ илүү гадаад дотоодын арилжааны банкнуудад ажиллаж байсан мэргэжлийн банкир хүн байгаа юм. Анх 1999 онд Европын холбооны арилжааны банканд мэргэжилтнээр ажиллаж байхаас захирал, гүйцэтгэх ажлын түвшинд хүртэл ажиллаж байсан. Тийм болохоор банкны үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа гэдэг сүүлийн 20 гаруй жил амьдралын туршид өдөр шөнөгүй хийдэг ажил байсан. Тийм ч учраас би зээл гаргах, зээлийн эрсдэлийг тооцоолох ажлыг маш сайн мэднэ. 

Хөгжлийн банканд 2019 анх гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө хувийн хэвшлийн банкнуудад ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компани хувийн банканд огт ажиллаж байгаагүй.

Тухайн үед миний баримталж байсан зарчим бол яг л арилжааны банкнуудын зарчмаар л ажиллах ёстой гэдэг арга барилаар удирддаг байсан. Надад захирагддаг байсан захирлуудад, та нар хурдан шуурхай ажилла, банкны бизнес гэдэг чинь зээлийн хүүгээс ашиг олж үйл ажиллагаагаа явуулдаг бизнес, аж ахуй нэгжүүдийн зээлийг хурдан шуурхай судалж хариу хэл гэдэг шаардлагыг тавьдаг байсан нь буруу биш гэж үзэж байгаа. 

Хоёрдугаар асуудал, Монгол улсын хөгжлийн банкны тухай хууль болон дүрэмд зааснаар Хөгжлийн банк бол ашгийн төлөө хуулийн этгээд, гол ашиг олдог хэрэгсэл нь зээл болон зээлийн бүтээгдэхүүн. Аливаа зээлд эрсдэлгүй зээл гэж хаана ч байдаггүй.

Олон жил гадаадад банканд ажиллаж байсан , нэг л зээлийг эрсдэлгүй гэж тооцоолдог байсан. Тэр нь Засгийн газрын бонд юм уу харилцах дансанд түгжсэн мөнгөн хэрэгслийг барьцаалсан зээлийг л эрсдэлгүй гэж тооцдог байсан. 

Хөгжлийн банкны шүүх хурлыг эрүүгийн хуулийн нүдээр харах нь надад бол ойлгомжгүй л байгаа. Би өөрийнхөө ОУ-ын банкны туршлагаас яривал дампуурсан компаниудтай ажиллаж байсан.

Америк-д ажиллаж байсан банкаа төлөөлж шүүхэд өөрийнхөө тооцоолол гаргаж өгч байсан. Гэхдээ тэр асуудал иргэний хуулийнхаа шугамаар явдаг байсан.  Энэ шүүх хуралд барьцаа хөрөнгө гэж их ярьж байна, ялангуяа монголын нөхцөлд чухал зүйл.

Намайг Лондонд банканд ажиллаж байхад нийт гарч байгаа зээлийн 50-60 хув нь огт барьцаагүй байдаг байсан. Гэхдээ би барьцааг үгүйсгэж байгаа зүйл огт биш, аливаа зээлийг санхүүжүүлсэн компани нь төслийн мөнгөний урсгалаас төлүүлэх нь чухал, тийм үндэслэлээр бид судалгааг хийдэг. 

Хөгжлийн банкны зээл нь Монгол улсын Хөгжлийн банкны үзэл баримтлалд 100 хувь нийцсэн гэж харж байгаа.

Х.Ганхуяг намайг хатгаж байгаад би 33 тэрбумын зээл олгосон гэж ярьж байна. Яг үнэндээ 2019 онд найз нөхдийн асуудал ерөөсөө байгаагүй. Хөгжлийн банканд орохоосоо өмнө би Хас банкны захирал байсан, миний гол үүрэг бол томоохон аж ахуй нэгжүүдтэй ажиллах, ер нь бол би Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүдийн захирлыг танина.

Энэ бол миний өдөр тутмын ажил байсан. Тийм болохоор таньдаг мэддэг гэдгээр нь цоллох нь буруу гэж бодож байна" гэлээ.