Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.03 08:43
750
Хэвлэлийн эрх чөлөө урагшлах уу, ухрах уу?

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг. 

Манай улс 2013 оноос хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаа үнэлүүлж эхэлсэн.

Тухайлбал, 2013 онд 98-д, 2014 онд 88-д, 2015 онд 54-д, 2016 онд 60-д,  2017 онд 69-д, 2018 онд 71-д, 2019 онд 70-д, 2020 онд 73-д, 2021 онд 68-д, 2022 онд 73-р байруудад тус тус жагсаж байв. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн 10 жилийн хугацаанд түүхэн доод үзүүлэлтдээ хүрч хэвлэлийн хагас эрх чөлөөтэй хэвээр байна.

“Хангалттай сайн” гэдэг ангилалд багтахын тулд бидэнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг өргөн хүрээнд бодитой хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсаар... Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж төрийн байгууллагуудын мэдээ, мэдээллийг нэг цонхоор авч байсан нь өнгөрсөн хоёр жил сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө илүүтэйгээр хумигджээ 

Түүнчлэн хэвлэн нийтлэх хагас эрх чөлөөтэй манай улсад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байгааг олон "кэйс" харуулна. 

Хамгийн чухал нь иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараат бус, бие даасан мэдээ, нийтлэл түгээхийг хуулиар улам бүр хязгаарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хатуу хязгаарлалт тогтоож буй нь эрх зүйн цензурыг нэг талаас бий болгожээ.

Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан сэтгүүлч, түүний бүтээл бол Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчилж, засан сайжруулах гол хөшүүрэг юм.