УИХ-ын гишүүн Англи хэлний боловролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ч.Ундрам англи хэлийг үндсэн гадаад хэл болгох асуудалтай холбогдуулан тайлбар мэдээлэл хийлээ.
Ч.Ундрам: "Боловсролын Ерөнхий хуульд бүх сургууль (үүнд ЗГ-ын гэрээтэй, гадаад хөтөлбөртэй сургуулиуд мөн орно) заавал Монгол хэл заахаар орж байгаа. Төрийн өмчийн ЕБС-д Англи хэлнээс бусад бүх хичээл Монгол хэл дээр орно. Харин үндсэн гадаад хэл яагаад Англи хэл болох нь зөв бэ гэвэл:
1. Дэлхийн ШУ-ны ололт, нээлт, Инновац, шинэ мэдлэгийн 90% Англи хэл дээр хэвлэн нийтлэгддэг. Бид мэдлэгийг хурдтай сурч, өөрийн болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, нэмж ШУ-ны нээлт хийж дэлхийд түгээдэг, мэдлэгийн эдийн засагтай шинжлэх ухаанч улс болох шаардлагатай байгаа учраас;
2. Дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдал, улс төр, нийгэм, соёлын үйл явц, өрнөл, олон нийтийн санаа бодол хамгийн шуурхай бөгөөд, улс төр, үзэл суртлын өнгөлөн далдлалтгүйгээр ихэвчлэн Англи хэлтэй мэдээллийн эх сурвалжаар (BBC, NBC зэрэг) мэдээлэгддэг;
3. Хувь хүний эрх зөрчигдөх, улс орны эрх ашиг хөндөгдөж хүнд нөхцөл байдалд орох үед бид гадаадын хүний эрхийн байгууллагуудад НҮБ-ын 5 хэлний нэг болох Англи хэлээр өөрсдийгөө илэрхийлж дэлхийн анхаарлыг татна.
Монгол хүүхэд бүрд амьдралын гарааны тэгш боломж олгох, гадаадын шилдэг их сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг авах, Дэлхийн хэмжээний мэргэжилтэн болох гээд олон үндэслэл байгаагаас цөөн хүн амтай улсын хувьд Үндэсний эрх ашигтай холбоотой гурван зүйлийг л дурдлаа.
Бага хүн амтай, боловсролоороо тэргүүлдэг, авилгагүй, жендэр, хүний эрхийн хамгийн өндөр мэдрэмжтэй Финланд, Швед, Норвеги, Швейцарь, Дани улсад 2-3 хэлээр чөлөөтэй ярьдаг.
Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг маш сайн хангаж, багш бэлтгэх, хөтөлбөр, сурах бичиг, анги дүүргэлт дээрээ анхаарах зэргийг БШУЯ анхаарч ажиллахаа илэрхийлсэн" гэлээ.