Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.08 12:26
2597
Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн автозамын тендерт БНХАУ-ын компаниудад давуу эрх олгожээ

Авто замын компаниудын төлөөлөл шударга бус тендерийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн автозамын тендерт БНХАУ-ын компаниудад давуу эрх олгосон байна. 

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй замын ажилд дотоодын замын компани бус гаднын компаниудын оролцоо нэмэгдэж байгаа нь шударга өрсөлдөх боломжийг хааж байгаад автозамчид бухимдаж байгаагаа илэрхийллээ. 

Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Зам тээврийн хөгжлийн яамны тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулалт явуулахдаа тендерийн баримт бичигт үндэсний авто замын компаниудын санхүү, техникийн хүчин чадлаас хэт өндөр үзүүлэлтүүдийг шаардаг.  Мөн гадаадын компани оролцох талаар тодорхой тусгадаггүй атлаа тендерт оролцсон үндэсний компаниудыг холбогдох хууль, дүрмийн бус шалгаруулалтаас хасч байгаа нь автозамчдын язгуур эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг эргэн харж яаралтай арга хэмжээ авахыг хүслээ.