Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.08 17:30
19997
АТГ: Европын холбооны улсад авлигын улмаас хулгайлагдсан манай улсын хөрөнгө байгааг тогтоосон

Нүүрсний гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явц болон Шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд хэчнээн этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж буй гэх мэт асуудлуудын хүрээнд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнтэй ярилцлаа.

- Сүүлийн үед нүүрсний гэх хэрэг хав дарагдаад өнгөрөх вий гэх болгоомжлол байна. Энэ хэргийн процесс хэрхэн үргэлжилж байна вэ? УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?  Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд өгсөн. Тэгвэл ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн үзүүлэлттэй ажиллаж байна. Одоо ажиллагаанд 43 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн байна. Үүнд:

“Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх эрүүгийн хэргийг;

"ЭТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулж дуусгасан.

Ер нь ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан одоо ч явагдаж байгаа.

- Нүүрсний гэх хэрэгт бодит хохирол хэр их тогтоогдож байгаа вэ?

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон.

Жишээ нь  5,3 сая долларыг АНУ-руу, БНСУ-руу 6 сая орчим доллар шилжүүлсэн 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн үлдсэн мөнгөнүүд хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа боловч мөнгийг олно, энэ чиглэлд БНСУ-ын ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа.

"ЭТТ" ХХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Удаанжаргалын байршлыг тогтоосон гэдэг мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. АТГ-аас эх оронд нь авчрах ажиллагааг эхлүүлсэн үү?

АТГ-аас тухайн этгээдийг эх оронд нь буцаан авч ирэх холбогдох бүхий л ажиллагааг хийж байна. Тухайн этгээд нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан учраас байршлыг нь хэлэх боломжгүй.

- Шувуу, шилжүүлэн авах зэрэг ажиллагаанууд дээр ямар ажиллагаа хийгдэж байгаа вэ?

Шувуу ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж байгаагаас 5 этгээдийг авчирсан байгаа. Тухайн этгээдүүдийн заримтай нь холбоо тогтоож Монгол Улсад ирүүлэх, зарим этгээдүүдийг deportationбуюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаануудыг хийсэн байгаа.

- Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан этгээдүүд аль аль улсад хамгийн ихээр орогнож байгаа талаарх мэдээлэл би юу?

Шувуу ажиллагааны хүрээнд БНХАУ-тай өргөн цар хүрээтэй хамтран ажиллаж байгаа. Эх оронд нь авч ирэхээр хайж буй тодорхой хэдэн хүмүүс тус улсад орогнож байгаа мэдээлэл бий.

- Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байгаа юу?

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байна гэдгийг тогтоосон.

Шилжүүлэн авах чиглэлд ажиллагаа зохион байгуулсны дүнд тодорхой үр дүнгүүд гарч шилжүүлэн авах болсон. Энэ талаар үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх болно.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: