Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.12 09:44
1945
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа
 
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа. 
 
Тэрээр" Тэртээ 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт анхлан “Ю-13” онгоц дүүлэн ниссэн. Уг өдрөөс эхлэн монгол залуус нисэх онгоц, техникийг гарамгай эзэмшиж улс орныхоо агаарын тээврийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсан төдийгүй 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож тусгаар улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж ирсэн түүхтэй.
 
Тэдгээр зоригт баатруудын үйлсийг нэр төртэйгөөр залгамжлан үндсэн хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй, найдвартай гүйцэтгэж, олон удаагийн онцгой, тусгай үүргийн нислэгээр эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг цаг агаарын ердийн болон хүнд нөхцөлд авран хамгаалж, улс эх орон, удирдлагын дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Байлдааны туг”-ийг гардуулан өгсний зэрэгцээ “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
 
Тус анги 60x60 харьцаатай 4800 м.кв талбай бүхий “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг албан ёсоор ашиглалтад хүлээн авсан юм. Уг төв нь дотроо нисдэг тэрэг хадгалах байр, зогсоол, нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний ажлын байр, хичээл болон сургалтын танхим зэрэг орчин үеийн стандартад нийцсэн бүхий л төрлийн албан тасалгаа, техник хэрэгсэлтэй юм.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнгө нэмсэн энэхүү төв ашиглалтад орсноор нийт бие бүрэлдэхүүний ажиллах, сурч хөгжих орчин төгөлдөржиж, эрүүл мэнд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилт дээшлэх төдийгүй нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний бэлэн байдал нэмэгдэх онцгой ач холбогдолтой гэж харж байна.
Цаашид Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын зүгээс Агаарын цэргийн командлал болон түүний харьяа ангиудын үүрэг гүйцэтгэлт бэлэн байдлыг дээшлүүлэх, зэвсэглэл техникийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно" гэжээ.