Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.16 08:39
1281
Усан паркаас урьтаж ашиглалтад орох "АВЛИГА" хорооллын ард "ашиг сонирхол", "авлига"-ын сүлжээ бий

Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэнтэй болох сураг 2018 оноос хойш гарч, олон нийт сайшаан, тэсэн ядан хүлээж байлаа. Арга ч үгүй биз. Газрын наймаанаас үүдсэн цементэн ширэнгэ нийслэлийг бүчиж, хүүхдүүд тоглож, хөгшид нарлан, залуучууд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт зугаалгын цогцолбор, ногоон байгууламж хуруу дарам цөөн учир... 

"Эм Энд Жи" констракшны барьж буй "авилга" хороолол 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг хашаалан авч, тухайн үедээ Азидаа хамгийн томд тооцогдох усан парк барина хэмээн сүр дуулиантайгаар зарлаж байв.

Усан парк үндсэн таван хэсэгтэй. Дотоод зохион байгуулалт нь 50 метрийн урттай усан бассейн, өндрөөс усаар гулгаж гардаг зургаан замтай гулсуур, дөрвөн улирлын турш далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх байгууламжаас бүрдэнэ. Мөн хиймэл далайн эрэг, кино театр, ресторан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах танхимтай. Паркийн гадна талын 70 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд Сэлбэ голын хэсгийг хүмүүс гэр бүлээрээ амарч, зугаалахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болон 5000 автомашины зогсоол хийхээр төлөвлөж байж.

Мэдээж төсөөлөхөд л сайхан... Гэвч усан парк барих нэрийдлээр 24 давхар, долоон блок барилга бүхий 1200 айлын “Aqua garden” гэх хороолол сүндэрлэж, аль хэдийн захиалга нь дүүрч, тун удахгүй оршин суугчид нь нүүж ороход бэлэн болно.  “Aqua garden” хотхоны байр  давхраасаа хамаарч 4.4-5.2 сая төгрөгийн үнэтэй.  

"Эм Энд Жи" констракшн Усны тухай хуулиас эхлээд олон хууль, дүрмийг зөрчсөн. Гэвч асуудал нь шат шатандаа замхарсаар ард нь маш том "авлига", "ашиг сонирхол" байгааг илтгэж байна. 

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлига хороолол" гэгддэг уг хороололтой холбоотой асуудлыг шалгаж, холбогдох мэдээллийг олон нийтэд гаргаж танилцуулах чиглэлийг  Барилга хот байгуулалтын сайдад өгсөн ч "Усан паркийн газарт яагаад орон сууц барих зөвшөөрөл өгснийг олгосон газрууд нь л мэдэх байх" гэсэн тайлбарыг хэлэв.  

Харин тус компанийн захирал А.Амарбаясгалангаас усан паркын асуудлаар тодруулахад "Усан парк барина гэж аваагүй. Та нар битгий буруу мэдээлэл цацаад бай.

Би яагаад худлаа мэдээлэл гэж хэлж байна гэхээр анхнаасаа усан парк барина гэж наад газрыг чинь аваагүй мэдэв үү! Орон сууц барихаар зөвшөөрөл авахдаа бид  усан парк барих санаачилгыг гаргаж 4,7 га газрыг төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил зогсоогүй, үргэлжилж байна.

Монголчууд хөгжих дургүй юм уу? Юмыг зогсоож гацаадаг та нарт амжилт хүсье" хэмээн даналзав...