/2023.05.16/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 836 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 804 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
“Б” нь Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож нэр бүхий аж ахуйн нэгжид 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэх;
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх;
Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгааг АТГ-аас мэдээллээ.