Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2023.05.18 09:22
3996
Хүний эрхийн зөрчлийг арилгах спикерийн даалгавар

Монгол Улсад өнөөдөр тулгамдаж буй асуудал маш их бий. Хил гааль, өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин тэтгэврийн хэмжээ гээд нэрлээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарна. Гэвч энэ бүхнээс хамгийн чухал буюу нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол Хүний эрх юм. Нийгмийн харилцаанд орох бүрд л хүний эрхийн тодорхой хэмжээний зөрчил үүсэж, зарим нь маргаан дагуулж, нийгмийг талцуулж байгаа нь нууц биш.

Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаанууд ч гэсэн манай улсыг хүний эрхийн байр нэлээд хойшоо ухарсныг хэлээд өгнө. Гэвч бид өнөөх л богино зайн улс төр, бод, богийн махны үнээ ярьсаар, мэтгэлцсээр сууна.

Харин яг ийм л цаг үед спикер тун чиг мэдрэмжтэй уулзалт нэгийг хийж. Тэр нь юу гэвэл Их хурлын дарга УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ын гишүүдийг дуудаж уулзжээ. Ингэхдээ орон нутгаар явахад хүний эрхийн зөрчилтэй гомдлууд тасраагүй, түүнд нь төр захиргааны байгууллагаас хариу өгдөггүй гэдгийг хатуу сануулсан байна. Мөн ХЭҮК дээр хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд хав дарагдаж байгааг ч хэлээд авч.
УИХ-ын дарга
“ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” гэсэн байна.

Нэг ёсондоо өрөөндөө суугаад, бичиг цаас хоорондоо шидэлцээд байлгүй газар дээр нь очиж ажилла гэсэн даалгаврыг өгчээ.

Үнэхээр ХЭҮК гэж жилийн эцсээр тайлан гэж хэтэрхий зузаан материал гаргахаас хэтрэхгүй болсныг олон нийт хэлж байгаа. Дээрээс нь сүүлийн жилүүдэд гарч байгаа, шүүхээр шийдэгдэж байгаа хэргүүд ч олон нийтийг айдаст автуулж байгааг нуух аргагүй. Тиймээс энэ бүхнийг зөөллөхийн тулд Их хурлын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд нь хүний эрхийн зөрчил гарч байгаа газруудад хүрч ажиллаж чадах юм бол нийгэмд эерэг ойлголт төрүүлнэ.

Харамсалтай нь манайханд нэгэн том дутагдал байдаг. Дарга нар нь үүрэг, даалгавар өгөөд л байдаг, доод нөхөд нь тэгсхийгээд аргалаад өнгөрөөдөг.

Гэвч хүний эрхийн зөрчил, гомдол мэдээлэлтэй холбоотой энэ ажилд олон нийт ч гэсэн анхаарал хандуулж, холбогдох байгууллагынхныг олигтойхон ажиллахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж хаана хүний эрхийн зөрчил ихээр гарч байна, түүнийг хэрхэн арилгах, цаашид энэ мэт зөрчлүүд гаргахгүй байх тал дээр бодлого боловсруулан ажиллахад дэмтэй болно. Ямар ч байсан энэ ажлын эхлэл болгож УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг өгөөдөхлөө.

Харин эцсийн дүнг сайн гаргахын тулд холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хичээж, олон нийт хүч нэмэх хэрэгтэйг дахин сануулъя.