БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн тушаалаар удаан хугацаанд ажиллаагүй өргөх байгууламжуудад шалгалт хийжээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах МУЭХ ТББ-ын захиалгатай орон сууцны 16 давхар барилгад 2015 онд угсарсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 4 тонны даацтай цамхагт краны техникийн байдалд холбогдох албаныхан шалгалт хийсэн байна.
Шалгалтаар тус кран нь 2015 оноос хойш ажиллахгүй, зогссон краны суурийн металь хийцэд зэврэлтээс сэргийлэх, хамгаалах арга хэмжээ аваагүй, ээлжит үзлэг магадлал хийгдээгүй зөрчлүүд илэрчээ. Иймд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн байна.
Цамхагт кранд тавигдах аюулгүй байдлын шаардлага, норм нормативыг баримтлаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болзошгүй аюул учруулах эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагаар буулгах арга хэмжээ авч, хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
Энэ онд Нийслэл хотын хэмжээнд барилгын талбайд 276 цамхагт кран угсрагдсанаас 85 кранд үзлэг шалгалт хийж, одоогийн байдлаар 3 краныг буулгах шийдвэр гаргаж, 2 краныг буулгажээ.