Өнөөдөр 2022.05.18 "Зууны мэдээ" сонины ерөнхий эрхлэгч, Сэтгүүлч, судлаач Дэмчигжавын Отгонбаяр "Монгол улсын төрөөс чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо (1990-2022он)" сэдвээр Төрийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.
Доктор (Ph.D) Д.Отгонбаярын судалгааны ажил нь Монгол улс ардчилсан нийгмийн хөгжлийн замыг сонгон гучаад жил болж байгаа энэ цаг үед төр засгаас гаргасан бодлого, шийдвэр хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг илэрхийлэх чөлөөт хэвлэлийг үүсгэн, хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, дэмжлэг, оролцоог судлахад чиглэгджээ.
Тодруулал, Ардчилсан нийгэмд төр болон чөлөөт хэвлэл нь нийтэд үйлчлэх, нийтийн ашиг сонирхлын тусын тулд ажилладаг. Нөгөө талаас, чөлөөт хэвлэл нь төрийн байгууллагатай иргэдийг холбох, тэдэнтэй харилцах боломжийг олгох, бодлого шийдвэрийг хүргэх, хууль бус ажиллагааг хязгаарлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтооход чухал үүргийг гүйцэтгэдэг.
Гэвч бодит амьдралд төр батлан гаргасан хуулиа хэрэгжүүлэхгүй, хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагдахгүй, түүнчлэн чөлөөт хэвлэл нь төр, иргэний нийгмийг холбох, төрийн эрх мэдлийн эх сурвалж болсон иргэдийн өмнөөс төрийг хянах,"дөрөв дэх засаглал"-ын үүргээ гүйцэтгэж тэр бүр чадахгүй байгаагийн улмаас чөлөөт хэвлэлд итгэх олон нийтийн итгэл унаж байгаа бодит үйл явдалтай практик дээр ажилладаг сэтгүүлчийн хувьд сүүлийн жилүүдэд улам бүр хүчтэй нүүр тулж байна.
Иймд олон нийтийн санаа бодлыг бүрэлдүүлэх, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг чөлөөт хэвлэлгүйгээр ардчилсан нийгмийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжгүй тул ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулахад "дөрөв дэх засаглал"-ын үүргийг гүйцэтгэх хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шаардлагатай байгаа тул энэхүү сэдвийг сонгон авсан хэмээн онцоллоо.