Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.05.22 15:17
5817
УИХ-д нэр дэвших эрх хийгээд НҮЦГЭЛЭХ ЗОРИГ

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ өдрүүдийн дуулиан шуугиан үл барагдам. Уг төслийг танилцуулах үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах хугацаандаа сонгогчиддоо зэмлүүлж, шударга ёсны төлөөх ард иргэдийн дуу хоолой сошиалд эрчимжиж, хаа хаанаа халуун дуулиантай өдөр хоногуудад стресс бухимдлаа чилээж байна.

Арга ч үгүй. Сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөж буй шударга бусын эсрэг хэмээх Засгийн газар, төр засгийн тэмцэл бодит үр дүнд хүрэх хугацаа өнөөдөртөө лав хараахан төгсгөлийг олсонгүй. Хууль хүчний байгууллагаас улбаатай хамгаалалтын бамбай эзэн холбогдогчдыг ивээж буй нөхцөл байдал хэрэг явдлын удаашрах шалтгаан болж буйг холбогдох албан тушаалтнууд удаа дараа мэдэгдсэн.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид-19-ийн улмаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг уналт, зогсолтод орж эргэн сэргэх итгэл найдвараар ул хийснээс бус тулгуур хийсэн нь үгүй.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдод загнуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөс илүүтэй өөрийнхөө үйл ажиллагаа болон өөрийгөө шинжүүлж зэмлүүлсний учир шалтгаан ерөөсөө энэ.

Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргасан ёстой.

Судлаач, эрдэмтдийн хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид оновчтой тооцоолол хэмээн үзэж байгаа ч ард иргэдийн зүгээс дэмжихгүй байна. Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон асуудал иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Энэ бол зүй ёсны бухимдал. Иймд УИХ, Засгийн газар холбогдох арга хэмжээг авч, төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын гар дээр авдаг цалинг нэмэх зэрэг олон асуудалд тодорхой арга хэмжээ авч ажиллана” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа Засгийн газраас төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь цалин болгох шинэчлэх мэргэжлийн болон нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэж, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн хэт зөрүүг бууруулах, соёл урлагийн салбарын ажилтан албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай нь дүйцэхүйц урамшуулал олгохоо албан ёсоор зарласан.

Ингэж нэг удаагийн олны шүүмжлэл УИХ-ыг ч, Засгийн газрыг ч ажлаа хийх шахалт болохтой зэрэгцэн УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл нэгдэж хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд нар “УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр 126 болгож бууруулах зөвшилцөлд хүрлээ. Нийт 126 гишүүний  76-г нь тойргоор, 50-г нь пропорциональ системээр сонгоно” хэмээн мэдэгдэв. Эндээс харахад УИХ-ын гишүүдийн сонгогчидтойгоо хийсэн уулзалт бодит үр дүнд хүрсэн бололтой юм.

Гэхдээ УИХ-ын гишүүд 126 боллоо гээд парламентын гишүүний түүхээр намтраа чимж, улс төрийн хар хор дунд өөрийн гэрийг босгох сонирхолтой улстөрчдийн хувьд 76 нэр дэвшигчтэй харьцуулахад илүү боломжтой боллоо хэмээн хөөрцөглөхөд хэцүү болж буйг мартаж болохгүй.

Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-аар батлагдлаа гэхэд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх учиртай. Сонгуулийн тухай хууль нэр дэвшигчдийн хэм хэмжүүрийг нарийвчилж, сонгуулийн сурталчилгаагаар далимдуулан сонгогчдоо худалдаж авдаг улстөрчдийн арга ухааныг хаших бол Улс төрийн намын тухай хуулийн төсөл улс төрийн бизнест гаршсан нам нэртэй бизнесийн сүлжээг нэг талаас хязгаарлах, нөгөө талаас зарчим хууль барьж чадвал төрийн ивээлд багтах бүрэн дүүрэн боломжийг олгох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ нь зохицуулалт нарийснаа л гэсэн үг.

Үүний зэрэгцээ зүй ёсоор сануулах учиртай, улстөрч болохоосоо өмнө, төрийн өндөр албан тушаалтан болохоосоо өмнө, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө сайтар судалж, уншиж, хий цоорхойг нь нягтлан шалгаж, гэр бүлийн гишүүд болон найз нөхөд, ах дүү хамаатан садныхаа ажил амьдралыг тооцоолох ёстой шинэ эрх зүйн орчин бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төсөл.

Уг хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж гэмээнэ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, УИХ-д суудал бүхий намын дарга нарын гэр бүл, ах дүү, хамаарал бүхий этгээдүүд төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжих, бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж, тэтгэлэг батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж байх хугацаанд нь хориглоно.

Энэ бол УИХ-ын гишүүдийн тоог мянгад хүргэсэн байсан ч үйлчлэх заалт, хязгаарлалт. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр Монголын улс төрийн шинэ зохицуулалт хэрэгжихгүй. Өөр бусад хуулийн шинэчлэлтэй хавсарч хэрэгжинэ. Тэр цагт нэр дэвшигчдийн тооноос илүү гэр бүлээ, бизнесээ ил тод зарлах хэрэгтэй болно.

Цаашлаад төртэй хоршиж ирсэн бизнесийн түүхээ бүрэн зогсоож, улстөрчийн цагаан цаасан дээр намтраа бичих шаардлагатай болно. Цэвэр утгаар нь бизнесийн зарчимд нь үлдээж олон жил угжуулж ирсэн төрийн тендер, олон улсын байгууллагын дэмжлэгээс татгалзах шаардлагатай болно.

Энэ бол үндсэндээ нэр дэвшигчдээс улс төрийн тайзнаа нүцгэлэх эр зоригийг шаардана. Гэхдээ энэ нь дан ганц тайчих урлаг бус харин амьдралаа “тайлах” зориг юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр харин хэдэн нэр дэвшигч, хэдэн улстөрчийг тайчуулах вэ гэдэг нэг л өөрчлөлт хийгдэнэ. Бусад өөрчлөлтийг араас нь урагшлуулна. Ерөөсөө шинэ эрх зүйн хаалгыг татах шинэ УИХ-ын ажиллах, бүрдэх зарчим нь ерөөсөө л энэ. Ийм хялбархан агаад товчхон.

 

 

Г.Жаргал