Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.23 09:34
3112
Алга болсон иргэнийг Бээжин хотоос олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 сарын 05-ны өдөр иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл гаргажээ. 

Гомдлын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан байна. 

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас Дорноговь аймгийн цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хооронд 2013 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг", мөн Монгол Улсын ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Тэнхим хооронд 2017 онд "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.