Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.23 09:44
10407
Боловсон ХУЛГАЙН сангийн зээлийг төлүүлж эгэл ардын хүүхдүүдэд боломж олго !

Боловсролын зээлийн сангийн хулгайн асуудал ард иргэдийг бухимдуулж байна. Арга ч үгүй биз. Энэ бол зээл олгож эхэлсэн цагаас эхлээд мэдээлэлд ойр томчуудын толгойгоо өвдгөхгүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүдээ дэлхийн боловсролыг эзэмшүүлэх заль мэх болоод удаж байна. Боловсролын зээлийн сангийн дарга нь өөрөө өөрийнхөө зээлийг тэглүүлж байхад ирээдүйн залуусыг ямар нийгэм угтаж авах вэ? гэдэг аймшигтай.

Үе үеийн боловсролын сайдууд нь эхнэртээ, дүүдээ, хүүхдүүддээ, хамаатнууддаа зээл олгуулаад зогсохгүй мэдээлэлд ойр эрх мэдэлтэй хэн байна тэр бүхэн гараа дүржээ.

Тухайлбал Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Л.Цог, Б.Саранчимэг, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Н.Энхболд, Н.Ганбямба, А.Ундраа, Н.Энхбаяр, Б.Саранчимэг гээд УИХ-ын гишүүд, сайд дарга нар тус сангаас зээл авсан болох нь баримтаар илэрч байсан.

Харин одоо УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Т.Доржханд, Л.Гантөмөр, Д.Гарди, Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан тэргүүтэй хүмүүс тэдгээрийн хүүхдүүд гээд үй олон чанаргүй зээлдэгчид гарч ирлээ. Энэ бол дурдаад өнгөрч буй нэрс....

Хамгийн гол нь тэд зээлээ төлөөд өнгөрөх биш хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн олон нийт ундуйцаж байна.

Жирийн ардын хүүхдүүд аав ээжийнхээ цалингийн зээл, малчны зээл, эмээ өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр дотооддоо суралцах төлбөрөө чадан ядан төлж байхад татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад суралцах нэрээр зарим нэг нь тансаглаж түүнийгээ хөдөлмөрлөж олсон аятай доог тохуу хийж байна.

Тус сан 2022 оны эцсээр гэхэд давхардсан тоогоор 1,4 сая хүнд 1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

Боловсролын зээлийн сан өмнө нь 3,2 тэрбум төгрөгийн төсвөөр зээл олгодог байсан бол 2022 оноос эхэлж Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон бусад хөрөнгө оруулалттай нийлээд 30 тэрбумд хүрч,  10 дахин өссөн. Санхүүжилт нэмэгдэхийн хэрээр нөгөө л нэг эрх мэтэлтнүүдийн эрх жаалууд зээл авч гадаадын шилдэг гэгддэг их, дээд сургуулиудад суралцсан боловч гэрээний үүргээ биелүүлсэн нь цөөн....

БЗС-гаас гадаадын их сургуульд суралцах бакалаврын оюутнуудад олгосон 167 тэрбум төгрөгийн 10 хувь нь төлөгдөөгүй, магистр, докторын оюутнуудад олгосон 196 тэрбум төгрөгийн 99 хувь төлөгдөөгүй.