Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.23 20:36
4273
Шүүх: У.Цогтбаярыг эхнэрийнх нь гомдлоор шалгаж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа

Жүжигчин У.Цогтбаярыг архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй талаар өчигдөр мэдээлсэн.

Ингээд шүүхээс түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн албан мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүүх: “Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаярт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдууллаа.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс  хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж түүний эхнэр З.Х-ийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр З.Х-г цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, 00-ын өрөөний хаалгаа эвдэж танхайрсан.

Мөн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, модоор цонхоо хагалсан. Мөн хадам ээжээ цээртэй үгээр доромжлон танхайрсан гэх үндэслэлээр түүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулав"

Харин У.Цогтбаярын хувьд "Нэг хоногийн дотор шүүх хурал маш хурдан болж өнгөрөөд хэд хоног хориход орохоор боллоо. Бүх залуучуудыг талбай дээр очиж жагсаасай гэж хүсэж байна.

Би төрийн нууц нэрийдлээр хагас жил шантаажлуулж байцаагдлаа. Адаг сүүлд нь хохирогчгүй, хэрэг тохож бүгдийг янзын зохион байгууллаа. Залуусынхаа жагсаалд амжилт, тавиулууд их шүү болгоомжлоорой” хэмээн цахим хуудсандаа бичжээ.