Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.05.29 18:49
4217
“Хүнсний Хувьсгал”-ын хүрээнд өрнөсөн үндэсний үйлдвэрлэгчдийн хамтрал, дөрөв дэх удаагийн “Баялаг бүтээгч- Бизнес тур” амжилттай зохион байгуулагдлаа

Эрүүл иргэн улс орны дархлаа юм. Тэр ч утгаараа, Дэлхий нийтэд эрүүл хүнсний эрэл хайгуул шинэ тутамд хөгжин буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Энэ хүрээнд Монгол хүн эрүүл байхад анхаарсан бодлого шийдвэрүүд гарсан нь бодит болж, шинэ санаа, шийдлүүд улам бүр өргөжсөөр байна. Үүний нэг нь "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд үүссэн Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ хамтрал "Баялаг бүтээгч- Бизнес тур" аялал дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ дотоодын болон гадаадын зах зээлд амжилттайгаар нийлүүлж байгаа баялаг бүтээгчид бусдадаа туршлага хуваалцсан нь онцлог юм.

Дөрөв дэх удаагийн бизнес аялалд "Очир дагинас" ХХК, "М-Си-Эс Кока Кола" ХХК, "ЯНМАЛ" ХХК-иуд

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг
  • БНСУ-ын Засгийн газрын харьяа “Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар”-ын Монгол дахь төлөөлөгч “KOPIA Монгол төв”-ийн захирал У Мён Гюү
  • “Голомт банк”-ны “Байгууллагын Хөгжлийн Хэлтэс”-ийн захирал Б.Нямдэлгэр
  • “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нараар ахлуулсан 50 гаруй үндэсний үйлдвэрлэгчдийг хүлээн авч, үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа танилцууллаа.

"Очир дагинас" ХХК-ийн Экспортын "Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр" нь Олон улсын нэр хүндтэй "Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо" ISO 22000:2005 стандарт болон HACCP стандартуудыг 2017 онд нэвтрүүлж амжилттай баталгаажуулсан ба 2020 онд ISO 22000 стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 стандартыг амжилттай нэвтрүүлсэн юм. Мөн үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртлээ эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын өндөр хяналтын доор явагддаг. Тэд "Хүнсний Хувьсгал"-ын хүрээнд үйлдвэрлэгчдэд олон талт таатай боломж нээгдсэнд талархал дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

"М-Си-Эс Кока Кола" ХХК нь дотоодын үйлдвэрлэгчиддээ үйлдвэрийн чанар стандарт, байгаль орчинд ээлтэй үйл ажиллаагааны онцлогуудаа хуваалцсан. Мөн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, агаарын бохирдол үүсгэхгүй, түүхий нүүрсний хэрэглээг халсан байгальд ээлтэй хийн зуух болон бүтээгдэхүүний хадгалалтын стандартаа танилцуулан, мэдээ мэдээллээ хуваалцсан.

"ЯНМАЛ" ХХК нь Үндэсний шилдэг үйлдвэрлэгч, дотоодын оймсны зах зээлийн 15 хувийг бүрдүүлэгч бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, Монгол ноосны үнэ цэнийг таниулахаар ажиллаж байна. Монголдоо оймс үйлдвэрлэлээр хамгийн томд тооцогдох "Янмал" ХХК-ийн хувьд өдөрт 20.000 хос оймсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлдээ хийн түлшийг нэвтрүүлж нүүрс, цахилгааны ашиглалтыг халж чадсан тэдний хувьд, "Хүнсний хувьсгал"-ыг Монгол хүн эрүүлжиж, цаашлаад худалдан авалт тогтвортой байх хэтийн зорилготой нь яв цав нийцэж байна хэмээн онцолсон. Тус хамт олон "Хүнсний Хувьсгал"-ын хүрээнд Хүнс Хөдөө Аж Ахуйн салбарт хөл тавьж, үйл ажиллагаагаа солонгоруулах хараатай байгаагаа турын аялагчдад хуваалцаж байлаа. 

Өнгөрсөн хугацаанд "Баялаг бүтээгч-Бизнес тур" аяллаар нийт 200 гаруй баялаг бүтээгчид 12 үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ийнхүү Монгол Улсын Төрийн Тэргүүний санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид "Баялаг бүтээгч- Бизнес тур"-т нэгдэж харилцан туршлага мэдээлэл солилцож, хамтрал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний эхлэлийг тавьсаар байна.

ЭХ ОРОНДОО- ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ