Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.05.31 13:34
4969
Ж.Сүхбаатар: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгч байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуульд одоо хийгдэх гэж буй өөрчлөлт нь 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл бөгөөд тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд байр сууриа илэрхийлж, энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бол түүхэн өөрчлөлтийн эхлэл гэж дүгнэсэн юм.

Тэрбээр “ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үр дүнгээ өгч байна. Тухайлбал ард түмний засаглах эрхийг хангах, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, намуудын дотоод зохион байгуулалт ил тод байдал зэрэг асуудлууд тусгагдсан. Энэ дагуу УИХ-аас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс, үзэл санаа хэрэгжих процесс үргэлжилж байна.

Тиймээс энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл, дутуугаа гүйцээж байгаа ажил гэж ойлговол сая зөв болно. Өнөөдрийн геополитикийн үндэслэл, шаардлага, нийгэм, улстөр, эдийн засаг, хууль зүйн шаардлага гэсэн дөрвөн үндсэн шаардлагыг харгалзан үзэж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа юм“ гэлээ.