Улсын хэмжээнд эх, хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлж, өндөр ачаалалтай ажилладаг эмнэлэг бол ЭХЭМҮТ. Тус төвд жилд дунджаар 40 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд ашиглалтад ороод 30 гаруй жил болж буй эмнэлгийн орчин нөхцөл тулгамдсан асуудлуудын нэг байдаг.
Тэгвэл “Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-аас өөрийн хөрөнгөөр тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн дотоод тохижилтын ажлыг хийж өгөхөөр болжээ. Өнөөдөр тус сангийн тэргүүн, Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Ш.Алтантуяа нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ.
Яаралтай тусламжийн тасгаар долоо хоногт 2-3 мянга, амралтын өдрүүдэд гэхэд 400-500 хүүхэд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг аж. Үйлчлүүлэгч хүүхдүүдийн эрхийг хангах, хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчид нь ая тухтай, тохилог орчинд эмчилгээ, үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөрт зориулсан үйл ажиллагаа, хүүхдүүдэд бэлдсэн олон бэлгээс хамгийн сайхан нь энэхүү мэдээ байлаа.
Мөн “Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ын тэргүүн Н.Мөнхнасан өөрийн хөрөнгө оруулсан “Тоодог” хүүхдийн гутлын брэндтэй хамтран Сэргээн засах эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, багачуудад бэлэг гардуулжээ.