Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Спорт
2023.06.03 21:01
3319
Монголын гурван тамирчин иж бүрэн медаль хүртэж, шагналын тавцанд зэрэгцэн зогслоо

Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцэн зогсов.

Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан монгол бүсгүйчүүдийн дуэльд Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр дарав.