Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.07 10:16
3060
Ж.Цолмон: Дэлхийн жишгээр тооцвол Монголчуудын 87 хувь нь ядууралд байна

 

ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмонтой ярилцлаа.

- Таныг улс төрөөс холдсон юм болов уу гэж бодож байтал та ШИНЭ намаас зохион байгуулсан “Тавантолгойг алдах уу, аврах уу” лекцэнд оролцохоо зарлаж, өөрийгөө дахин санууллаа. Улс төрд цаашид идэвхтэй оролцохоор шийдсэнд тань баяр хүргэе. Гэхдээ энэ удаад тантай Тавантолгойн орд, түүний баялгийн талаар тантай ярилцах ёстой гэж бодож байна. Тухайлбал, Тавантолгойн ордыг түүхэндээ таван удаа алдах шахсан гэдгийг тодруулмаар байна?

- Тавантолгойн ордыг Австралийн BH Billiton компанид өгчихсөн байсан, дараа нь үндэсний 13 олигархи компанид алдаад буцааж авсан. Үүний ул мөр гэвэл уг ордын хамгийн нөөцтэй хэсэг болох Ухаахудагийн уурхайг одоо хүртэл “Энержи Ресурс” буюу MCS групп эзэмшиж байна. Төрийн мэдэлд Тавантолгойн ордыг буцааж авснаас хойш өнөөдрийг хүртэл эрх барьж буй улс төрийн хүчний зүгээс гадныханд зарах асуудлыг хэд хэдэн удаа сөхөж байсан гээд тоолбол лавтайяа таван ч удаа алдах шахсан байна. Хэдий өнөөдөр Засгийн газар 80 гаруй хувийг нь эзэмшиж, 10 гаруй хувийг нь иргэд эзэмшиж байгаа ч өгөөжийг нь эрх мэдэл тойрсон хэсэг бүлэг хүмүүс хулгайлаад сууж байгаа нь харамсалтай. Харамсалтай гэхээс илүү гунигтай гэж хэлбэл зохих байх. Яагаад гэхээр монголчууд өнөөдөр дэлхийн хэмжүүрээр авч үзвэл нийтээрээ ядуу, маш цөөн хэсэг нь дундаж давхаргад багтахуйц түвшинд амьдарч байгаа атлаа өөрсдийнхөө зохиосон хэмжигдэхүүнээр буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үнэлгээгээр гуравны нэг нь л ядуу мэтээр дүгнэж, зөвхөн сэтгэлээ хуурч амьдарч байна.

- Ядуурлын тухай та бүхний хэлж буй мэдээлэл, ҮСХ-ноос гаргасан мэдээтэй зөрөөд байх юм?

- Дэлхийн жишгээр өдрийн хоёр ам.долларын орлоготой хүнийг нэн ядуу, найман ам.долларын орлоготой бол ядуу, харин өдрийн 32 ам.долларын орлоготой бол дундаж амьдралтайд тооцдог бол манайд 0.6 ам.долларын орлоготойг нэн ядуу, 0.9 ам.долларын орлоготойг ядуу, харин 1.26 ам.долларын орлоготой хүнийг дундаж амьдралтай гэж үзэж байна. Ингээд тооцохоор манай нийт өрхийн 59 хувь нь дундаж давхаргад багтаж байгаа. Үнэндээ манай дундаж давхаргад тооцогдож байгаа өдрийн 1.26 ам.долларын орлого бол дэлхийн жишгээр нэн ядуу хүний орлогод ч хүрэхгүй байна. Дэлхий дахинд хэрэглэж буй үнэлгээгээр тооцоход Монгол Улсын хүн амын 87 хувь нь ядуу байна гэсэн үг. Одоо яг энэ янзаараа цаашид өөрөө өөрсдийгөө хуурчихаад хөгжиж байгаа мэтээр дүр эсгэж амьдарвал нөхцөл байдал аврагдахгүй, улам л хүнд болно. Бид нөхцөл байдлаа зөв дүгнэж, ойлгож байж төрийн бодлого шийдвэр зөв гарна. Тийм учраас бид юуны өмнө үнэн бодит тоо, баримт дээр тулгуурлах ёстой.

- Эцсийн дүндээ энэ хүмүүс рүү мөнгө хийх, орлогожуулах нь л төр засгийн үндсэн үүрэг. Гэтэл суурь цалингаа ч нэмж чадахгүй, “ОУВС зөвшөөрөхгүй”, “төсөв хүрэлцэхгүй” гэдэг шалтгаар олон жил ам таглаж ирлээ. Баялгийг иргэддээ өмчлүүлэх гэдэг асуудал бүр дараа, дараагийн хэдэн зуу дахь асуудал болж хувирсан. Эрх баригчид эсвэл иргэдийгээ ядуу гэж боддоггүйд асуудлын учир байгаа юм болов уу?

- Монгол хүн, монголчуудын амьдрал үнэгүйдэхийн хэрээр монголын төр улам өндөр үнэ ханштай болсон байна. Төрийн эрх мэдэлд хүрэх арга зам нь бодлогын биш мөнгөний өрсөлдөөн болон хувирч, асар өндөр үнээр төрийг худалдан авч байгаагийн учир шалтгаан нь баялгийн хулгай буюу зүгээр л бохир бизнесийн зорилго байжээ гэдэг нь улам тодорч байна. Төр баялгийг эзэмшсээр байгаа цагт энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

Өнөөдөр байгалийн баялгийн захиран зарцуулах эрхийг ялсан нам л эзэмшиж байна. Үүнийгээ хамгаалахын тулд эрх барьж буй аль ч нам өөрсдийн ашиг сонирхлын эсрэг ямарваа шийдвэр гаргахыг хүсэхгүй. Ард иргэдийнхээ амьдралыг болж бүтээд байгаа мэтээр үнэнээс гажуудсан судалгаа гаргаж тавьчихаад ар хударгаар нь өөрсдөө хулгайлаад ч хамаагүй хөрөнгөждөг арга замаа хадгалж үлдэхийг хичээнэ. Харин төрийн эрх мэдлийн гадна байгаа улс төрийн хүчнүүд л үүнийг эрх баригчдаас шахаж шаардах ёстой. Ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс л ард иргэдийн төлөө дуугарахаас биш эрх мэдэлтнүүд харин ч ард түмнээсээ баялгаа нуухын төлөө ажиллана. Тавантолгойг тойрсон хулгайн талаар л эрх баригчид яриад байдаг. Яаж ард иргэддээ өгөөж хүртээх вэ гэдэг бодлогын талаар огт ярихгүй байгаа биз? Яагаад гэвэл хүсэхгүй байгаа л хэрэг.

- Монгол Улс бүх цаг үед Үндсэн хуульдаа байгалийн баялаг ард түмний өмч байхаар хуульчилж ирсэн. Гэвч сүүлийн 30 жилд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аль нэг компани эзэмшиж, ашгийг нь тухайн компани л хүртэж байгаа. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа зүйл мөн үү?

- Энэ гажуудал Үндсэн хуулиас үүдэлтэй нь үнэн юм. 1924 оны Үндсэн хуульд байгалийн баялаг “ард нийтийн хөрөнгө” гэж, 1940 оны Үндсэн хуульд “улсын өмч буюу ард түмний өмч” гэж, 1960 оны хуульдаа “социалист өмч буюу ард түмний өмч”, 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуульдаа “төрийн өмч” гэж тус тус хуульчилсан байдаг. Мөн Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “төрийн нийтийн өмч” гэх ойлголтыг оруулж ирсэн. Яагаад бид ийм ядуу байгаа вэ гэхээр 70 жил өмчлөх эрхгүй явж ирсэн. Үнэндээ дөрвөн Үндсэн хууль маань дөрвүүлээ социализмын үеийн, өмчлөх эрхийг хаасан хууль юм. 1992 оны Үндсэн хуулиар өмчлөх эрхийг нээсэн боловч газрын баялаг, үйлдвэрээ төрийн өмч болгосон. Гэтэл Монгол Улсад нүүрснээс алмаз хүртэл  82 төрлийн ашигт малтмалын 10 000 илэрц, 3000 лиценз, ашиглалтад буй 1100 орд байна. Ашиглалтад байгаа 1100 гаруй ордын зөвхөн таван орд буюу 0,45 хувь нь төрийн мэдэлд байна. Үлдсэн ордын талаас илүү нь гадаадын иргэдэд байна. Ашигт малтмалын тухай хуулиараа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд байгалийн баялгаа захиран зарцуулах эрхийг А лиценз нэртэй алга дарам цаасаар олгодог. Ард түмний өмч атал тэдэнд ямар ч эзэмшлийн эрх, ямар ч үр өгөөж алга байна. А лиценз эзэмшиж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр энэхүү эзэмшлийн эрхээ гадаад, дотоодын банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьчихсан байгаа. Нийт 233 орд яг ийм байдлаар аж ахуйн нэгжийн авсан зээлийн барьцаанд гадаад, дотоодын банкинд байна. Нэг тод жишээ нь “Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд гадаадын арилжааны 15 банкнаас зээл авахдаа Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг барьцаанд тавьсан явдал. Газрын доорх ашигт малтмалын нөөц бол тэдний хэнийх нь ч оролцоогүйгээр бүрэлдэн бий болсон баялаг. Яагаад аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого болж байгаа юм бэ? Үнэндээ төр баялгийн захиран зарцуулах эрхийг ингэж л хэрэгжүүлж байна. Тэгвэл өнөөдөр төрийн мэдэлд байгаа, олборлолт явуулж буй ганцхан ордыг иргэдээ хувьцаагаар эзэмшүүлчихэд л монголчууд ядуурал гэдгийг мартана. Тэр нь Тавантолгойн орд юм.

- Тавантолгойн ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа нь нийт хувьцаанх нь 12 хувь. Үлдсэн 80 гаруй хувийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр Засгийн газрын эзэмшиж байгаа хувийг иргэдийн 1072 ширхэг хувьцаан дээр нэмж өгнө гэсэн үг үү?

- “Эрдэнэс Тавантолгой” компани анх 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийг 3.4 сая хүндээ хуваагаад яг тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх юм бол хүн бүрт 4400 ширхэг хувьцаа ногдоно. Тэгэхдээ өнөөгийн 1072 хувьцаа шиг амьгүй, нэр төдий биш жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орох санхүүгийн хэрэгсэл болгох ёстой. Зөвхөн Тавантолгойн ордыг ийм замаар хувьчлахад л манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр хоёр хөршийг давах бололцоотой юм.

- ШИНЭ нам өмнө нь энэ асуудлыг хөндөж, 2018 онд УИХ-д хуулийн төсөл өргөн барьж байсан. Та бүхний яриад байгаа өөрчлөлтийг хийхийн тулд парламентад тодорхой төлөөлөл, дуу хоолойтой байх шаардлагатай байх?

- УИХ-д сонгогдож буй бүх намын төлөөлөл, бүх гишүүд ард түмний төлөөлөл биз дээ. Ард түмний эрх ашгийн төлөө аль нам гэдгийг харгалзахгүйгээр бодлого боловсруулах үүрэгтэй.

ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ юм даа.

-Танд баярлалаа