Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.06.07 17:27
3021
БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүсэд үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээгдэнэ

Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг тулгуурладаг. Тиймээс дотоодын бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, зах зээл өндөр байх тусам хөгжил хурдацтай явагддаг. Үүнийг бүрдүүлдэг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад түлхэц болох нь маш чухал юм.

Тэгвэл Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо үндэсний үйлдвэрлэгч тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд 80 гаруй үзэсгэлэн худалдаанд 400 гаруй үйлдвэрлэгчдийг хамруулан ажиллажээ.

Дотоод болон гадаад үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүс болох Манжуур болон Хайлаар хотод үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүрийг нээхээр болсон байна. Тодруулбал Хайлаар хотын аялал жуулчлалын бүсэд Фата группийн худалдаа үйлчилгээний цогцолборт  1100 мкв, Манжуур хотын чөлөөт аялал жуулчлалын бүсэд 150 мкв дэлгүүрүүд нээгдэх аж. Тус дэлгүүрүүдэд зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулахаас гадна  дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах талбай, усан бассейн, фитнесс,  хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон үзвэр үйлчилгээг багтаасан томоохон цогцолбор дэлгүүр гэдгээрээ онцлог, давуу талтай юм.

Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргаж борлуулалтаа өсгөн цаашлаад олон улсад нэрийн дэлгүүрүүдээ нээх, бүтээгдэхүүнээ экспортлох үүд хаалга нээгдэж байна.

Манай улсын үндэсний үйлдвэрлэгчдэд тэр дундаа жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд гадаад улс оронд бүтээгдэхүүнээ экспортлох, нэрийн дэлгүүр нээх нь маш өндөр зардалтай бөгөөд эрсдэлтэй байдаг. Тиймээс Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооноос эдгээр эрсдэлийг өөрсдийн зүгээс бүрэн  хариуцан үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, олон улсын жуулчдад бүтээгдэхүүнийг нь хүргэх гүүр нь болох юм. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Манжуур болон Хайлаар хотоос гадна 10 нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Уг нэрийн дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулан хамтран ажиллах хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгчдэд тус холбооны үүд хаалга нээлттэй гэдгийг онцолж байна.  Бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын хувьд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд монголын өнгө төрхийг илтгэсэн, чанартай, сав баглаа боодлыг шаардлага хангасан  бараа бүтээгдэхүүн хүлээн авах юм.

Мөн тус холбоо нь 2023 онд таван үзэсгэлэн худалдаа олон улсад зохион байгуулах бэлтгэл хангах ажиллаж байна. Тиймээс дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна үзэсгэлэн худалдаан оролцох боломжтой.

Холбооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118668, 99035951 утаснуудаар болон Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо гэсэн фэйсбүүк хаягуудаар авна уу.

Холбооны фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/MYDXolboo