Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.08 17:36
6713
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэхүү чуулга уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.

Чуулга уулзалтын тухай ерөнхий мэдээллээ өгнө үү?

НҮБ-ын бүх гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн төлөө  2030 он хүртэл ажиллах  мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан. Үндсэндээ Шинэ мянганы эхэн дээр зарлаж байсан Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болгож энэ хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын гишүүн 193 улс хамтран дэлхий даяар хамгийн өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ирэх 15 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд хамтдаа хөгжилд хүрэхийн төлөөх зорилтуудаа тодорхойлсон юм.  Ядуурлыг арилгахаас эхлээд зорилгуудаа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хүртэлх нийт 17 зорилгыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүйгээр зарласан байдаг. Монгол Улс мөн ялгаагүй тогтвортой хөгжлийн зорилгуудаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. 2016 онд Монголын тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.

Энэ зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засгийн түвшинд ярилцаж, үүрэг хүлээх биш иргэн бүр, аж ахуй нэгжүүд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцоо нэн чухал гэдгийг хэлсээр ирсэн. Энэ ч утгаараа дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургууль тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг түргэтгэх ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ агуулгын хүрээнд өнгөрсөн онд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Бан Гы Мун сантай хамтран БНСУ-д зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар   үндсэн илтгэгчээр оролцож байсан. Харин энэ жилийн Азийн бүсийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг Улаанбаатар хотноо энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг сонгосон байна. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бол энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан хэлэлцэх сэдэв, чуулга уулзалтын зорилтоо тодорхойлж байгаа юм. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дугаар зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах агуулгыг онцолж, тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж энэ удаагийн чуулганаар тухайлан хэлэлцэх болно.   

Өөрөөр хэлбэл, тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд  жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Монгол Улсад шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар байр суурь хүчтэй яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улстөрийн намууд баримталж байгаа. Энэ бүх тохироо нөхцөл бүрэлдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг яг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Үүний зэрэгцээ  Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ.

Чуулга уулзалтад хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахгүй юу?

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Итгэлийн сэдвүүдийн талаар товч танилцуулбал?

Чуулга уулзалтын 13-ны өдөр гол илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд өрнөнө.  Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. Энэ бүхнээс бодлогын шийдлүүдийг гаргах нь чуулганы эцсийн зорилго юм. Манай улстөрийн намууд, иргэний нийгэм,  төрийн байгууллага, олон улсын байгууллагын  төлөөлөл болон Элчин сайдууд, Алтай судлалын эрдэмтэд зэрэг гадна, дотны 200 гаруй хүн оролцоно гэж төлөвлөж байна.