Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.12 17:07
3433
Ч.Батзориг: “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөө
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил явагдаж байгаа. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн.
 
Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. 
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Эрэлкомпани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг.
Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй. 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна.
Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй" гэлээ.