Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.06.13 17:11
7860
Залуу офирцерууд байгаль орчноо хамгаалах үйлсэд уриалж байна
Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар болон Шүүх шинжилгээний ерөнхий газраас хамтран “Залуу офицер-Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт Туул гол, Богдхан уул орчмыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын дэслэгчээс хошууч цолтой 35 хүртэлх насны 1000 гаруй залуу офицер оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
 
Чуулган угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн төлөөлөл 180 залуу офицер оролцож, Туул голын сав газар, иргэд ихээр цугладаг голын эрэг дагуух амралтын хэсгүүд зэрэг хариуцсан хэсгийнхээ хог хаягдлыг цэвэрлэсэн юм.
 
Байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдсэн залуу офицерууд манлайлал энгийн зүйлээс эхэлдгийг өгүүлээд ард иргэдээ дор бүрнээ хичээхийг уриалж байлаа. Бид анги, байгууллагаа удирдан ирсэн албан тушаалтнуудаас сэтгэгдлийг нь сонслоо.
 
БХЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Б.Мөнхбат "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд бусдыг үлгэрлэн манлайлахын жишээ байх болно" гэсэн бол Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч Б.Билгүүн “Чуулганыг угтан зохион байгуулж байгаа манай гурав дахь том арга хэмжээ ийнхүү амжилттай болж байна. Богд хан уулын дархан цаазат газар, Туул голын сав газар, иргэд ихээр цугладаг голын эрэг дагуух амралтын цэгүүд залуу офицеруудын маань хүчээр сайхан боллоо” гэлээ.
 
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Хүн бүр байгалдаа ээлтэй амьдралын дадал хэвшлийг бий болгох, байгалиа хамгаалах, эх оронч үзлийг хүн ардад түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэхэд залуу офицерууд уриалж, түүчээлэх ёстой. Энэ утгаараа энд хуран чуулсан мянган сайхан залуусын үйл хэрэг, үлгэрлэлийг ард иргэд үргэлжлүүлж, санаа аваасай гэж хүсэж байна. Үндсэн хуульдаа хүртэл байгалиа хамгаалах нь хүний журамт үүрэг гэж заасан улс орны ард иргэн бүр дор дороо хичээж, үүргээ биелүүлээсэй гэж уриалж байна. Цагдаагийн экологийн алба нь хүн ардын байгал орчноо хамгаалахад уриалж, нийгмийн хариуцлага, экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Өнөөдөр байгал хамгаалах үйлсэд бүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхан нэгдэж, түүчээлж оролцож байгаад талархаж, бас бахархаж байна. Монголын ард түмэндээ залуу офицеруудынхаа түүчээлсэн байгалаа хамгаалах, хайрлах, цэвэрлэх энэхүү аяныг дор бүрнээ өрнүүлээсэй, үргэлжлүүлээсэй, идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна” гэж гэв.