Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.06.19 09:23
2808
Татвар, торгуультай байсан ч хүсэлт гаргаад тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулж болно
 
Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 16 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.
 
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдах нь,
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.

Шинэчилсэн бүртгэл ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүртгэлээс хасах ажлыг хялбар байдлаар зохион байгуулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журман”-ндаа өөрчлөлт оруулжээ.

Өмнө нь иргэд хүсэлт, татвар, торгууль төлсөн баримт, гэрчилгээ, улсын дугаар хураалгаж үйлчилгээний хөлс төлдөг байсан бол дээрх хугацаанд зөвхөн хүсэлт аваад тээврийн хэрэгслийг хасах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохирол дагуулдаг.
Иймд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс уриалж байна.
 
Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй гэдгийг санууллаа.