Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.06.20 10:54
4604
“ТОРХОНДОЙ” БРЭНД ХҮНСНИЙ ХУВАНЦАР САВ, ЭДЛЭЛИЙГ ХАЛЖ, УЛАМЖЛАЛТ МОДОН ЭДЛЭЛЭЭР ОРЛУУЛАХ ЗОРИЛГОТОЙГООР 30 ГАРУЙ ТӨРЛИЙН ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

 “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Торхондой” брэндийг онцолж байна. Үүсгэн байгуулагч А.Норжмаагийн хувьд хүнсний модон эдлэлийн “Торхондой” брэнд, “Тансаг цэцэг” цэцгийн дэлгүүр, цэцэг мод тариалалт гэх гурван төрлөөр баялаг бүтээгч юм.

Үндэсний үйлдвэрлэгч “Торхондой” брэнд нь уламжлалыг сэргээж, ямар нь химийн найрлагагүй, эрүүл мэндэд ээлтэй 100 хувь модон эдлэл хэрэгслийг эзэгтэй таны гал тогоонд зориулан үйлдвэрлэж байгаа юм. Түүнчлэн жилийн хугацаанд 80.000 мандлын цэцэг, 10.000 гаруй тасалгааны болон бэлгийн цэцэг, 10 гаруй төрлийн 200 гаруй мод тарьж ургуулжээ. Торх, ганбанз, цэцэг ба мод гэсэн цөөн үгсээр тэдний нийгэмдээ бүтээж буй баялгийг энгийнээр зураглаж болно.

Торх:

/Үндэсний үйлдвэрлэгч “торхондой” брэнд хүнсний хуванцар сав, эдлэлийг халж, уламжлалт модон эдлэлээр орлуулах зорилготой/

Тэд үйлдвэрлэлээ анх модон торхоор эхлүүлсэн. Торхондой брэндийн үүсгэн байгуулагч А.Норжмаагийн дотнын хоёр ч хүн богино хугацаанд хүнд өвчнөөр оношлогдон нас баржээ. Цаг хугацааны хувьд ойрхон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэг гэрийн хоёр, хүнсний зориулалтын бус хуванцар торхыг ундны ус хадгалалтдаа ашигладаг байсан  нь өвчнийх нь суурь шалтгаан болсныг эмч нар тайлбарласан аж.

Ажиглахад иргэдийн ихэнх нь мөн л зориулалтын болон зориулалтын бус хуванцар саванд ундны ус болон хүнсний бүтээгдэхүүнээ хадгалдгийг тэрээр анзаарчээ. Иймээс тэрээр айл бүхний хэрэглээнээс хуванцар савыг халах зорилго тавьж, уламжлалт усны модон торхыг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Гамбанз:

/Эрүүл хүнс сонгох нь чухал ч түүнийгээ юунд хадгалж бэлтгэн боловсруулж хэрэглэх нь  түүнээс ч илүү чухал/

Тэднийг хэрэглэгчид нь энэ төрлийн үйлдвэрлэлд татан оруулсан гэж хэлж болно. Торхондойн модон эдлэлд “дурласан” эзэгтэй нар олон төрлийн бүтээгдэхүүн “нэхэх” болсонд нь тэд бүтээлч хариу барьж эдүгээ 34 төрлийн хүнсний модон эдлэл, хэрэглэл үйлдвэрлэж байна. Эрүүл хүнс сонгох нь чухал ч түүнийгээ юунд хадгалж бэлтгэн боловсруулж хэрэглэх нь түүнээс ч илүү чухал.

Тэр ч утгаараа тэд хэрэглэгчиддээ зориулан ямар ч лак, цавуу зэрэг химийн найрлага нэмэлтгүй 34 төрлийн бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн модоор үйлдвэрлэн хүртээж байна. Монголчуудын хувьд бэлчээрийн малын махны хэрэглээ өндөр харьцангуй хүнд хоолтой. Тэр ч утгаараа хүнсний хэрэглээний мод буюу гамбанзийг төрөл зүйлээр нь ангилан холихгүйгээр нь хэрэглэж, хоёр жил тутамд солих нь нян бактери үржихээс хамгаалж олон төрлийн өвчлөлөөс сэргийлдэг байна. Тэр ч утгаараа “Торхондой” брэнд нь бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн хөгжүүлж, хэрэглээнд улам бүр ойртуулсаар байгаа юм

Цэцэг, Мод:

/Хүн насан туршдаа байгалиас авч амьдардаг, харин эргүүлээд байгальдаа өгч нэг ч гэсэн мод тарьж ургуулах ёстой/

“Торхондой” брэндийн үүсгэн байгуулагч А.Норжмаа: - “Хүн насан туршдаа байгалиас авч амьдардаг, харин эргүүлээд байгальдаа өгч нэг ч гэсэн мод тарих ёстой” гэсэн юм. Тэр ч утгаараа тэр олон төрлийн цэцэг, мод тарьсан нь “Тансаг цэцэг” цэцгийн дэлгүүрийн эхлэх цэг нь болсон байна. Тэд жилийн хугацаанд 80.000 мандлын цэцэг, 10.000 гаруй тасалгааны болон бэлгийн цэцэг, 10 гаруй төрлийн мод тарьж ургуулж худалдаалжээ.

Хүнсний эдлэл хэрэглэлд эрүүл байх “Хувьсгал” хийж буй Торхондой брэндийн бүтээгдэхүүнүүдийг та гэрийнхээ ойролцоох томоохон худалдааны төвүүдээс авч хэрэглээндээ эрүүл шинэчлэл хийх боломжтой. Гарал үүсэл нь тодорхой, органик бүтээгдэхүүнээ хэрэглэн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эрүүл амьдарцгаая.