Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр" Нийт 65 хоногийн дотор 120 гаруй байгууллагаас санал авч, 695 санал ирсэн. Үүнээс 60 хувийг нь энэ хуульд тусгасан, 20 хувь нь сэтгэгдэл байсан. Үндсэн гол хэсэг бол хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал, хөрөнгө оруулагч нарын гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол Монголд байна.
Өөрсдөө хөрөнгө оруулчхаад хууль ёсныхоо эрх ашгийг хамгаалахын төлөө 16 жил шүүхээр явсны дараа хэчнээн хөрөнгө оруулагч нар Монголоос гарч явах уу гэдэг ойлгомжтой.
Монгол улсад бизнес хийнэ, хөрөнгө оруулна гэж орж ирсэн атал 6 жилийг нь шүүхээр явахаар эргээд тэр хүмүүсийг үргээх ийм л асуудал болж байгаа юм. Тийм учраас энэ хуулийн нэг том бүрэлдэхүүн хэсэг бол гомдол, маргаантай асуудлыг шийдвэрлэх зөвлөл байгуулж байгаа. Хөрөнгө оруулагч нар хүсвэл арбитраар явах эрх нээгдэнэ. Шүүх ялгаагүй нээлттэй байхаар оруулж ирж байгаа" гэв.