Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.22 08:52
1727
Ц.Анандбазар гишүүн ашиг сонирхлынхоо хойноос УИХ-ын даргын айлчлалаар халхавчилж И.Сечинтэй уулзахаар явжээ

УИХ-ын гишүүн. “Сод Монгол групп”-ийн босс, ноён “51” Ц.Анандбазар энэ сарын 19-н буюу өнгөрсөн даваа гаригт ОХУ-ыг зорьжээ. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж байгаа айлчлалыг элдэн хөөж, ашиг сонирхлынхоо араас ниссэн байна.

Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын айлчлалаар халхавч хийж ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Захирал И.И.Сечинтэй уулзахаар төлөвлөсөн гэнэ. Энэ нь мэдээж цаанаа учиртай, утгатай, зорилготой.

Ер нь л томоохон айлчлалын үеэр  бизнесийн төлөөллийн ашиг сонирхол, нэр хүнд дагалдаж явдгаас хойш энэ удаа ч мөн давтагдана.

Ганцхан жишээ дурдахад 

Х.Баттулга Ерөнхийлөгчийг 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй нэгэн санамж бичгийг байгуулсан. Энэ бол шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан.

Тэгвэл энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байв.  Учир нь  тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани. 

Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан боловч хөдлөөгүй.  Тэр ч байтугай У. Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв.

Харин Засгийн газрын хуралдаан дээр уг төслийг танилцуулах байсан ч  тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэжээ. Түүний үгийг Ц.Нямдорж дэмжсэн байдаг.  

Ингээд уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унасан” байдаг юм.

 

Тэгвэл тухайн үед салбарын сайд нь зөвшөөрөөгүй асуудал яагаад Засгийн газрын хуралдааны босгыг даваад ороод ирэв гэдэг нь сонирхол татна. Үүнээс харахад Ц.Анандбазарын хувийн ашиг сонирхол үргэлж дээгүүрт тавигдаж, УИХ-ын гишүүний суудлаа бизнесийнхээ хэрэгсэл болсоор ирсэнд хамаг учир бий. Энэ удаад ч гэсэн спикерийн айлчлалыг элдэж хөөгөөд явж байгаа нь түүх давтагдах магадлалтайг харуулна.