Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.06.24 16:35
969
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” Улаанбаатар хотноо болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулганаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийн талаар хэлэлцэнэ.
 
Тухайлбал, чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалтууд зохион байгуулна.
 
Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрийн өдөр буюу 06 дугаар сарын 27-ны өдөр залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө.
 
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.