Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.27 13:42
7588
Бан Ги Мун: Бид зохих арга хэмжээг авахгүй бол 100 жилийн дотор энэ гариг дээрх амьтан, ургамлын 70 хувь нь устана

УИХ-ын дарга Г.Занданшатар  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын үеэр  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Бан Ги Мун” сангийн Ерөнхийлөгч ноён Бан Ги Мун, Стэнфордийн Их Сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин нартай уулзаж ярилцсан юм. Энэхүү ярилцлагын онцлох эшлэлээс хүргэе.

Г.Занданшатар: НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа дэлхийн удирдагчдыг уриалан, эрчим хүч, хүнс, аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд асар их хүчин чармайлт гарган ажилласныг тань онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Таны манлайлал дор 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг боловсруулсан. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлсэн нь Монгол Улс юм.

Бан Ги Мун:  Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх улс орнуудын нэг учраас энэхүү  чуулга уулзалтыг зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачлагыг ихэд үнэлж,  таныг улс төрийн манлайлал үзүүлнэ гэдэгт бүрнээ итгэж байна.

Бан Ги Мун:  Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол тасралгүй явагдаж буй уур амьсгалтын өөрчлөлтийн нөлөө юм. Тийм ч учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээгээ түргэсгэхэд нь хэрхэн тусалж чадах, мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой.

Бан Ги Мун: Бид дэлхийн температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмээс доош байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч, мөн 2050 он гэхэд бүх улс орныг нүүрсхүчлийн ялгарлаа бүрэн саармагжуулсан байхад анхаарах ёстой.

Бид энэ цаг мөчид зохих арга хэмжээг авахгүй бол 100 жилийн дотор ургамал, амьтдын зургааны нэг нь буюу энэ гариг дээрх амьтан, ургамлын 70 хувь нь устана гэсэн үг.

Бан Ги Мун: Байгаль, цаг уурын ийм нөхцөлд байдал бий болоход аж үйлдвэржсэн, хөгжингүй улс орнууд буруутай. Иймээс ч удахгүй Арабын Нэгдсэн Эмират Улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 28 дугаар уулзалтаар уршиг, хохирлын талаар тодорхой замын зураглал гаргаж, хөгжиж буй орнуудад хэрхэн туслах, ингэснээр тэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулж чадна гэж найдаж байна.

Г.Занданшатар: Уур амьсгалын өөрчлөлтийн уршиг, хохирлын хувьд дэлхийн удирдагчид ихэвчлэн арлын болон хөгжиж буй орнуудын тухай ярьдаг хэдий ч үнэндээ Монгол шиг далайд гарцгүй орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд маш их хохирол амсаж байгаа гэж би боддог. Та энэ асуудлыг олон улсын анхааралд хүргэж өгөхийг хүсье.

Бан Ги Мун: 2009 онд Данийн Копенхаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын 15 дугаар дээд түвшний уулзалтын үеэр Европын Холбоо, АНУ болон хөгжингүй улс орнууд бүгд л 2019 оноос эхлэн жил бүр 100 тэрбум ам.доллар гаргахаа амлацгаасан. Гэвч тэд одоог хүртэл дорвитой ажил хийгээгүй, 100 тэрбум ам.доллараа ч гаргаагүй байна. Энэ бол ёс суртахууны хариуцлагагүй байдал.

Г.Занданшатар: Нарийн асуудлуудад нь бид илүү их анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. “Нарийн ширийнд л асуудлын учир байдаг” гэдэг дээ. Тэгэхээр уршиг, хохирлын нарийвчилсан төлөвлөлтийг тодорхойлох хийгээд сөрөг нөлөөг багасгах, дасан зохицох тал дээр энэ нь маш чухал юм.

Бан Ги Мун: Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд 7 жил л үлдэж. Үнэнийг хэлэхэд бид Тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүрч чадахгүй л болов уу. Тиймээс ч миний бие энэ асуудлаар одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутьеррештэй зөвлөлдөж, түүнд “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2”, эсхүл өөр ямар ч нэртэй байсан хамаагүй одоогийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг залгамжлах алсын бодлогын талаар бодохыг зөвлөсөн.  Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга таны манлайлад ихээхэн найдаж байна. Мөн Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудтай хамтран ажиллах боломжтой.

Стэнфордийн Их Сургуулийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шинтэй хийсэн ярилцлагаас…

Жи Вук Шин: Ардчилал асар их сорилт, туршилт, бэрхшээлийг бий болгодог ч ардчиллаар дамжуулан илүү сайхан нийгмийг цогцлоож чадна гэдэгт би итгэдэг.

Г.Занданшатар: Ардчилсан үзүүлэлтүүд технократ болж, ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээний талаарх анхны ойлголтууд өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын талаар бид ярилцаж байна. Магадгүй Ази болон бусад олон улс оронд ардчилал хямралд орсны нэг шалтгаан энэ байж болох юм.

Жи Вук Шин:  “Stanford Next Asia Policy Lab” нэртэй маш сонирхолтой нэгэн шинэ төслийг дурдмаар байна. Товчлол нь SNAPL. Ази тивийг хэрхэн дараагийн түвшинд гаргах вэ гэдэг санаа юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Ази тив үнэхээр хурдацтай хөгжиж байгаа ч хүн ам хөгширч, ажиллах чадвартай хүн ам буурч байна. Хүн ам зүйн хямралыг даван туулахын тулд ирэх сард шинэ “бодлогын лаборатори”-оо нээнэ. Одоогоор хүний нөөцийн хөгжил, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, феминизм, үндсэрхэг үзэл, туйлшрал,  АНУ-Азийн харилцаа гэсэн 4 сэдэв байна. Эдгээр сэдвийн хүрээнд илүү их харьцуулсан судалгаа хийхийг зорьж байгаа бөгөөд Монгол Улсыг бодлогын лабораторидоо маш чухал кэйс болгон оруулж чадна гэж найдаж байна.

Жи Вук  Шин:  Япон, Солонгос, Тайвань зэрэг улс орнуудад хүн амын насжилт асар хурдтай явагдаж байна. Харин Монголын залуу хүн амыг ашиглах хэрэгтэй. Гадагшаа явж буй залуучууд эргэж ирэхгүй байж магадгүй ч тэднийг суралцаад ажиллаж,  туршлага олж авахыг дэмжих хэрэгтэй.   Миний захих зүйл бол чадварлаг хүмүүсийг алдахаас айх хэрэггүй. Үнийг алдагдал биш, харин хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.

Г.Занданшатар: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлхий дахиныг тэс өөр болгож байгаа ч олон нийт мэдээ, мэдээллийг сэтгэл хөдлөлөөр хүлээн авдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлхий даяар ардчилал хөгжихөд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?

Ги Вук Шин : Олон ургальч үзлийг дэмжих нь үнэхээр чухал. Бусдын үзэл бодлыг хүндэтгэснээр мэтгэлцэх, хэлэлцэх боломжтой. Ингэхдээ эсрэг талаа буруутгаж, улс төрийн дайсан мэт хандаж болохгүй. Гагцхүү нэгдэж нийгмийн зөвшилцлийг бий болгох нь чухал.

Г.Зандашатар: Бид танай SNAPL буюу “Stanford Next Asia Policy Lab” төслийг сонирхож байна. Монголын залуу удирдагчдыг хамруулах боломжтой гэж найдаж байна.

 


Жи Вук Шин : Тэгэлгүй яахав. Би залуучуудтай хамтран судалгааны баг бүрдүүлж байгаа. Түүнчлэн Азийн мэргэжилтэн, удирдагчдын дараагийн үеийг бэлтгэхийг зорьж байгаа. Манай лабораторид залуу, ухаалаг, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг илгээнэ гэж найдаж байна.