Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.29 15:56
10168
Монгол Улсын парламентын гадаад харилцааны хэвшмэл хандлага задарч, айлчлал бас дахин айлчлал…

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ирэх долдугаар сард Энэтхэгийн парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла айлчлах гэж байна. Айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг УИХ-ын дарга хүлээн авч уулзсан юм.

Энэ үеэр эрхэм Элчин сайд УИХ-ын даргад хандаж хэлсэн үг Монгол Улсын гадаад харилцааг бодитоор үнэллээ. Тэрбээр Энэтхэгийн парламентын доод танхим Лок Сабхагийн даргын айлчлал оюун санааны хөршүүд болох манай хоёр орны парламентын харилцааг гүнзгийрүүлэхээс гадна Монгол Улсын нэр хүндийг дэлхийн түвшинд өргөж байна гэсэн юм.

Их гүрэн Энэтхэг улс эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт орох болсон, дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлдог, хүчирхэг гүрнүүдийн нэгдэл БРИКС-ийн гишүүн орон. Мөн хүн амын тоогоор тэргүүлдэг ардчилсан засаглалтай хамгийн том улс гэх зэргээр их гүрний дэлхийд эзлэх байр суурийг тоочиж болно.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, Энэтхэгийн Элчин сайдын үнэлэлт Монгол Улсын парламентын нэр хүнд дэлхийн түвшинд ямар байгааг илтгэж буй хэрэг юм. Монгол Улсын  энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд парламент хоорондын харилцаа ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна.

Парламентын түвшин дэх яриа хэлэлцээр онцлогтой. Тухайн улс орнуудын хууль тогтоох дээд байгууллага учраас аливаа хэлэлцээр, тохиролцооны шийдэл, үр дүн богино хугацаанд биеллээ олж, үр өгөөжийг нь жирийн иргэд шууд хүртдэг.  Өөрөөр хэлбэл, шат дамжлагагүй эцсийн шийдвэрийг хуульчлан гаргаж, хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх засаглалдаа шууд шилжүүлж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын  парламентын гадаад хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргаж, эдийн засаг, боловсрол, соёл урлаг зэрэг салбарт  хамтран ажиллах цоо шинэ алхмуудыг нээж өгч байна.

Өмнө нь парламентын хамтын ажиллагаа харилцан айлчлал, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэдхэн чиглэлээр явагддаг байсан бол эдүгээ ийн задарч, хэвшмэл хандлагыг өөрчилж буй нь сайшаалтай. Улмаар парламентын түвшний айлчлал төрийн өндөрлөг, Засгийн газрын түвшин дэх дараагийн шатны айлчлалын хөрс суурь нь болж, яриа хэлэлцээрийг эрчимжүүлэх гол түлхүүр нь болж эхэллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал манай хоёр улсын улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлсэн өндөр ач холбогдолтой болсон хэмээх үнэлгээг авсан юм. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын өндөр технологийн дэвшлийг шууд нэвтрүүлэх талаар Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүратай, хөгжлийн албан ёсны дараагийн тусламжийг хэрэгжүүлэх саналуудын талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-тай албан ёсны уулзалт хийсэн.

Мөн УИХ-ын даргын “Япон лугаа хөгжье” хэмээх санаачлагаар хоёр талын олон тооны уулзалт, ярилцлага хэлэлцүүлэг сүүлийн хоёр жил өрнөж буй. Үүний үр дүнгийн хамгийн том тусгал бол Боловсролын багц хуулийн шинэчлэл. Суралцахуйн хамгийн чухал зүйл бол хүн байх ухаан буюу ёс суртахууны боловсрол олгох арга барилыг Японы туршлагаас бид шууд суралцаж, хуульчлах гэж буй.

Хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлал олны анхаарлыг татах нь зүй. Өнөөдөр хөрш гүрний нэр хүнд  Украинтай хийж буй дайны уршгаар улс орнуудыг талцуулан, улмаар улс орнууд хориг арга хэмжээг авч, дэлхийн халуун цэг байсаар байна. Энэ цаг үед УИХ-ын даргын айлчлал нь хоёр улсын ард түмний гүн бат найрамдалт харилцаа, мөнхийн хөрш гэдэг агуулгыг юу ч няцааж үл чадсан зоригтой алхам байв.

Мөн л Монгол Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалд ялангуяа барууны орнууд ихээхэн анхаарал хандуулж, Монгол Улсын гадаад бодлогын чигч хандлагыг хүлээн зөвшөөрсөн.  

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володины урилгаар УИХ-ын даргын хийсэн айлчлал хэд хэдэн чухал үр дүнг бидэнд авчирлаа.

“Роснефть” компанийн зүгээс ирэх 8,9 дүгээр саруудад шатахуун нийлүүлэлтийн хэмжээгээ багасгах талаар албан бичиг манайд ирүүлсэн. Шатахууны нийлүүлэлт багасахад үнэ өсөж, тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Мэдээж монголчуудын амьжиргаанд хүнд цохилт болж ирсэн. Айлчлалын үеэр Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володин “Роснефть” компанийн удирдлагуудыг дуудаж уулзалт зохион байгуулжээ. Харин энэ уулзалтаар шатахуунаа хэвийн нийлүүлэх, үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах боломж бий хэмээн “Роснефть”-ийн удирдлагууд хэлжээ. Энэ бол маш ойрын хугацаанд биеллээ олох яриа хэлэлцээ байв. Харин хэтдээ  хэрэгжих буюу манай улсын эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн хамаарлаас холдож, экспортыг нэмэгдүүлэхэд чухал шийдвэрүүд УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалаар нэг мөр шийдэлд хүрчээ. Тухайлбал,  ХАА-н бараа  бүтээгдэхүүнийг саадгүйгээр ОХУ-д экспортлох боломжийг судалж хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хоёр талаас гаргасан байна. Мөн олон жил ужгирсан  УБТЗ-ын их өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэв.

Ирэх долоо хоногт болох Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийх айлчлалаас бид юу хүлээж байна вэ. 2021 оны 12 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Энэхтхэгийн парламентын дээд, доод  танхимын дарга нарын  урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Харин хариу айлчлал ийм богино хугацаанд болж буй нь өмнөх айлчлалын үр дүн, ач холбогдлыг илтгэж байна.

Хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг хэмээж буй Газрын тосны үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад хоёр тал анхаарлаа хандуулахын зэрэгцээ парламентын хамтын ажиллагааны шинэ түүхийг бүтээх бололтой.