Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2023.06.29 18:15
15277
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ОУ-ын эмэгтэй эрдэмтэд чууллаа

ҮЗЭХ:

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид төрийн бус байгууллага нь эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан бөгөөд Дэлхийн болон Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагатай хамтран ажилладаг.

Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дахь удаагийн уулзалт-эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ удаагийн олон улсын хуралд 23 гаруй орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл оролцож байна.

Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, WSTEM-ийн удирдах зөвлөлийн гишүүн доктор Ч.Ундрам, МУ-ын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч доктор Jung Sun Kim (Жун Сан Ким), БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, INWES-ын /Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага/ Төслийн зохицуулагч доктор Саара Пеерс, INWES-ын Санхүү хариуцсан мэргэжилтэн Силвиа С. Кегел, Японы эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын гишүүн  Доктор Чикайо Канда, Солонгосын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн холбооны гишүүн  Доктор Сок-Кён Ким, Малайзын инженерчлэл, технологийн институтийн гишүүн  Доктор Сюхайда Исмаил,  Мьянмарын инженерийн нийгэмлэгүүдийн холбооны Эмэгтэй инженерүүдийн бүлгийн гишүүн  Доктор Хин Сандар Тун, Непалийн шинжлэх ухаан технологийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн  Жүн Хада,  Филиппиний технологийн зөвлөлийн гишүүн  Доктор Жэйн Торрано Тапел, Шинжлэх ухаан технологийн Тайван эмэгтэйчүүдийн холбооны гишүүн  Доктор Аня Маан-Юх Ли, VAFIW, Вьетнамын Оюунлаг эмэгтэйчүүдийн холбооны гишүүн  Доктор Ле Ти Хоп зэрэг хүндтэй зочид хүрэлцэн ирсэн нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байлаа.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд

  • - Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд
  • - Боловсрол, шинжлэх ухаан
  • - Хүрээлэн буй орчин
  • - Нийгэм, эдийн засаг
  • - Инженерчлэл гэсэн таван салбар хуралдааныг зохион байгуулан олон улсын эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээлийг таницуулж байна.

Чуулга уулзалтын гол илтгэгчээр УИХ-ын гишүүн, WSTEM-ийн удирдах зөвлөлийн гишүүн доктор Ч.Ундрам  Artificial Intellegence and Gender equality буюу Хиймэл оюун ухаан ба жендрийн тэгш байдал сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

 

“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд, гишүүн орнуудын тайлан, гишүүн улсуудын уулзалт, эрх шилжүүлэх ёслол зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах ба үүгээр дамжуулан дамжуулан эмэгтэй эрдэмтдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой юм.

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан ба 60 гаруй орны 250 мянга гаруй гишүүнтэй, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллага юм. Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн байгуулага нь удирдах зөвлөлийн 21 гишүүн, 600 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.