Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.07.06 15:16
9270
ХҮЛЭМЖИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИД ИМПОРТЫГ ОРЛОХ НАРИЙН НОГООНЫ ЧАНАР, ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГО ДОР НЭГДЭЖ БАЙНА

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” -ын хүрээнд хүнсний ногооны дотоодын тариалалт, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарсан олон талт үйл ажиллагаа өрнөсөөр байна.Энэ хүрээнд “Монгол ногоо” төсөл, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ, “Ариун хөрсний өгөөж шим” анхан шатны борлуулалтын хоршоо болон “Цэвэр хөрсний шим” дундын хоршоо хамтран “Хүлэмжийн тариалан эрхлэгчдийн өдөрлөг, бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөг, хэлэлцүүлэг нь хүлэмжийн ногооны ач холбогдлыг таниулах, зах зээлийг өргөтгөх, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэхэд зорьж байна.Үйл ажиллагааны хүрээнд “Хүнсний ногоо, хүлэмжийн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа” болон “Хүлэмжийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах, идэвхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн. 



Хүнсний ногоо, хүлэмжийн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа- өдөрлөгийн үеэр,
хүлэмжийн ногооны хэрэглээ болон эрүүл мэндийн ач холбогдол, дотоодын тариалалтын давуу тал зэрэг мэдээллийг авсан иргэд шинэ ургацын амт чанар, боломжит үнэ зэргийг таашааж байлаа.
Төр засгаас хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарч буй энэ цаг үед ногоочид нэг зохион байгуулалт дор стандартын дагуу системтэй тариалах, дотоодын зах зээлд үнийг тогтвортой барих, хуваарилалт хийхээр хамтран хоршоолж байгааг “Ариун хөрсний өгөөж шим” анхан шатны борлуулалтын хоршооны гүйцэтгэх захирал Т.Амар өдөрлөгийн үеэр онцолсон.
Хэлэлцүүлгийн үеэр “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах хэлэхдээ:
-Ногоочид хэрхэн тарих технологио мэдэж байгаа ч бүтээгдэхүүнээ таниулах, борлуулахад учир дутагдалтай байна. Энэ тал дээр суралцсанаар дотоодын хүнсний ногоо эргэлтэд орж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц тоо хэмжээнд хүрэх боломжтой” гэсэн юм.

Харин “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Я.Оюунчимэг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнг сайшааж илүү өргөн дэлгэр болоход ногоочдын оролцоо өндөр байгааг дурдаж байв.
Ийнхүү нарийн ногоо тариалагчид нэгдэн зохион байгуулалтад орж тариалалтаа хөгжүүлж төрөлжүүлэх, цаашлаад импортыг орлох нарийн ногооны чанар, хэмжээг нэмэгдүүлэхэд зорьсон нэгэн алхмыг хийлээ.