m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.07 05:22
484
Байгалийн түүхийн музейн шинэ барилгын санхүүжилтийг УИХ мэднэ

1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулсан Монгол Улсын ууган энэ музейг 1956 онд Улсын төв музей болгож, энэ барилгад оруулсан байна. Хөдөө аж ахуйн техникум байгуулахаар 1953 онд барьсан энэ барилга уг нь музейн зориулалтгүй аж. Монгол оронд байдаг, нүүдлэн ирдэг ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлын талаарх ойлголттой болохыг хүссэн хүн бүхэн Байгалийн түүхийн музейд зочилдог. Уг музей хаалгаа бариад жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд музейн ажилчид үзмэрүүдээ өөрсдийн сан хөмрөгтөө хураах ажлыг гүйцэтгэсэн бол ССАЖЯ шинэ музейн зураг төслийг боловсруулж дуусгажээ. Музейн шинэ барилгын  зураг төсөл болон зарим  зүйлийг тус музейн захирал  Н.Зоригтбаатараас тодрууллаа.

-Байгалийн түүхийн музейн үзмэрийг нүүлгэн шилжүүлж дууссан уу. Ер нь хэдэн үзмэртэй вэ. Хаана хадгалж байгаа вэ?

-2012 оны арванхоёрдугаар сард ССАЖ-ын сайд багцаасаа манай музейн үзмэрүүдийн баглаа боодолд зориулж, 200 сая төгрөг гаргаж өгсөн. Түүгээр зориулалтын төмөр болон модон хайрцаг, хүндрүүлэгчтэй төмөр шүүгээ, баглаа боодлын материал авсан. Бараг жилийн хугацаанд үзмэрүүдээ баглаж, нүүлгэж дууслаа. Нийт 11 мянга гаруй үзмэртэйгээс 7800 орчим нь үндсэн үзмэрт тооцогддог. Манай музей 1989 онд баригдсан, дөрвөн давхар, үзмэр хадгалах зориулалтын фондтой. Энэ фондын барилгыг орос технологиор барьсан бөгөөд дахиад 40-50 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Үзмэрүүдээ гурав ангилан гурван өөр төрлийн саванд хадгалсан. Жишээлбэл, жижиг, үнэтэй, алдаж болзошгүй зүйлүүдийг мөнгөний сейфэнд хадгалж, эвдэрч хэмхэрч магадгүй зүйлсийг төмөр сейфэнд хийсэн. Ердийн үзмэрүүдийг модон хайрцганд хадгалж байгаа. Фондын барилгын хамгаалалтын асуудлыг 2012 онд бүрэн шийдсэн. Бүх цонхонд нь төмөр хамгаалалт хийж, дохиолол хамгаалалтын системтэй болгосон. Тиймээс музейн шинэ барилга ашиглалтад ортол үзмэрийн хадгалалт, хамгаалалтын хувьд ямар ч асуудалгүй.

 Харин барилгын ажил хэзээ эхлэхийг бид биш УИХ шийдвэрлэнэ. Учир нь 2015 оны улсын төсөв хэлэлцэх үед салбарын сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг УИХ-д танилцуулан, төсөвт суулгах юм. Барилгын санхүүжилт улсын төсөвт хэзээ сууна, тэр үед барилгын ажил эхэлнэ.

-Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг хэний шийдвэрээр зогсоосон юм бэ?

-Манай музейн барилга ашиглалтад ороод 60 жил болж байна. 2007-2011 онд мэргэжлийн хяналтын байцаагч нар гурван удаа шалгаад, “Барилга байгууламжид тавих шаардлага хангахгүй байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь яаралтай зогсоох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан. Эхнийхэд нь барилгын байцаагч, сүүлчийн хоёрт нь бүх чиглэлийн байцаагч нарын баг ирж шалгасан юм. Тэдний дүгнэлтийг БСШУЯ-нд танилцуулахад үнэн, эсэхийг нь хянуулна гээд 2012 онд БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаныхан ШУТИС-ийн дэргэдэх “Ре констракшн” лабораториор шинжилгээ хийлгэсэн. Тус лабораторийнхон манай музейн барилгын бүх материалаас дээж авч шинжлээд 2012 оны долдугаар сард “Мэргэжлийн хяналтынхан зөв дүгнэлт гаргасан байна гэсэн. Энэ музейн “А” блок ослын байдалд тул ашиглаж болохгүй. Барилгыг яаралтай актлан, буулгах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. “А” блок бол олон нийтэд үйлчилдэг хэсэг. Энд 1250 үзмэр бий. Тэр үед ССАЖЯ байгуулагдсан тул уг дүгнэлтийг сайдад танилцуулсан. 2013 он гараад МХЕГ-аас дахиад “Дөрөвдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь зогсоо” гэсэн албан тоот ирүүсэн. Үүний дараа ССАЖ-ын сайд тушаал гаргаж, 2013 оны тавдугаар сарын 31-нд үйл ажиллагааг нь зогсоосон юм.

-Музейн шинэ барилгын ажил хэзээ эхлэх вэ. Барилгын зураг, төслийг гаргасан гэсэн?

-Яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард музейн зураг, төслийг гаргахаар барилгын компаниудын дунд тендер зарласан. Тендерт “БалданС”  компани шалгарч, музейн зураг төслийг гаргаж дууссан. Музейн шинэ барилга яг энэ суурин дээрээ баригдах бөгөөд долоон давхар, 16 мянган шоометр хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Харин барилгын ажил хэзээ эхлэхийг бид биш УИХ шийдвэрлэнэ. Учир нь 2015 оны улсын төсөв хэлэлцэх үед салбарын сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг УИХ-д танилцуулан, төсөвт суулгах юм. Барилгын санхүүжилт улсын төсөвт хэзээ сууна, тэр үед барилгын ажил эхэлнэ.

-Манай ихэнх музей  зориулалтын бус байранд  үйл ажиллагаа явуулдаг.  Шинэ музейн зураг төслийг  боловсруулахдаа гаднын  орноос туршлага судалсан уу?

-Манайд барилгын стандарт  байдаг ч музейн барилгын  стандарт  байдаггүй  юм  билээ. Зураг төслөө Хятад, Солонгос,  Япон улсад хамгийн сүүлд  барьсан музейн барилгын архитектур, дизайнаас судалж  хийх ёстой гэсэн шаардлага  тавьж, тийм захиалга өгсөн.

-Барилгыг хэдий хэмжээний өртгөөр барих бол?

-Өртгийг тодорхой хэлж  мэдэхгүй байна. Тэгээд ч манайх зөвхөн захиалга өгөх  үүрэгтэй. 10 мянган ам метр  ашигтай талбай бүхий барилга  захиалсан. Энэ нь хуучнаасаа  хоёр дахин том гэсэн үг. Миний тооцоолсноор буулгах зардалд тэрбум төгрөг хэрэгтэй. Шинэ музейг барихад ойролцоогоор 15-20 тэрбум төгрөг хэрэгтэй.

-Музейн барилга ашиглалтад ортол ойролцоогоор хоёроос гурван жил болох байх. Энэ хугацаанд музейн ажилчид юу хийх вэ?

-Одоогийн байдлаар 30 орчим ажилтантай л байна. Тэдний цалин 2014 оны төсөвт суун, бүрэн батлагдсан. Шинэ музей ашиглалтад орвол нийт 120 ажилтантай байхаар төлөвлөсөн. Музей ажиллахгүй гээд бид зүгээр суухгүй. Долоон давхар музей ашиглалтад ороход одоо байгаа үзмэрүүд хангалтгүй. Тиймээс дор хаяж музей баригдах хугацаанд хамгийн багаар 30-аас доошгүй хувиар үзмэрээ нэмэгдүүлэхээр ажиллана. Тавин жилийн өмнө хийсэн, арьс нь муудаж, холцорсон чихмэлүүд болон шаардлага хангахгүй болсон олон үзмэр байгаа. Тэдгээрийг шинэчилж, нөхөн сэргээх ажил бий. Энэ хугацаанд амжуулахгүй бол музей ашиглалтад орсон тохиолдолд дутуу үзмэрүүдээ хайж олоход дахиад л 2-3 жилийг зарцуулах болно.

-Шинэ музейтэй болох хүртэл Монгол орны талаар хүүхэд, залуус маань мэдэх боломжгүй болж байгаа хэрэг үү?

-Ерөнхийдөө тийм. Гэхдээ БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд манай 30-40 үзмэр тавигдсан. Үлэг гүрвэлийн музей ашиглалтад орсон тохиолдолд манай музейн бүх үлэг гүрвэлийн үзмэрүүд шилжих юм. Тус музейд зай гарвал буга, согоо, баавгай, чоно, ирвэс гээд том амьтны үзмэрээ шилжүүлэх хүсэлтэй байгаа. Зүгээр хоёр гурван жил энд хадгалж байхаар хүүхэд, багачууд үзэж байвал зүгээр биш гэж үү.