Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж Хэнтий аймгийн ЗДТГ, М-Си-Эс групптэй хамтран Сэцэн ханы ордны гадна талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ.
Энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан ба эдүгээ 5 сүм нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг. Өмнө нь 4 талаараа битүү блокон хашаатай байсан тул дотроо юу байгаа нь төдийлөн харагдадгүй байсан аж. Хэдийгээр түүхийн үнэт өв хэдий ч иргэдэд ил тод нээлттэй байж, хүүхэд залуучуудад өв соёлоо бахархах сэдлийг төрүүлэх, ирсэн зочид гийчдэд үзүүлж харуулах нь чухал гэж үзээд энэхүү ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал блокон хашааг нь буулгаж 2 талаараа нээлттэй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байх боломжтойгоор тохижуулжээ. Гэхдээ музейн үнэт өвийг хадгалах хамгаалах горимыг алдагдуулахгүй бөгөөд дохиолол, камержуулалт, харуул хамгаалалтад онцгойлон анхаарсан байна.