Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.26 12:35
3451
Хахууль авах, өгөх гэмт хэрэг өсжээ

Монгол Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 7.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.8 хувиар тус тус буурсан байна. 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 8543 хүн, 2 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7546 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 657 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

                   Зарим гэмт хэргийн тоо өсөв.

(Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 16 хэргээр буюу 9 дахин

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 21 хэргээр буюу 24.1 хувиар, хахууль авах гэмт хэрэг 29 хэргээр буюу 2.2 дахин, хахууль өгөх гэмт хэрэг 29 хэргээр буюу 5.1 дахин, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 6 дахин тус тус өссөн байна.

 

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав.

Үүнд:

Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 15.4 хувиар

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 224 хэргээр буюу 7.1 хувиар,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 49 хэргээр буюу 31.2 хувиар,

Хулгайлах гэмт хэрэг 192 хэргээр буюу 22.7 хувиар

Залилах гэмт хэрэг 50 хэргээр буюу 11.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна. 

Монгол Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 4278 хүн, 2 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 999 хүн, хорих ялаар 1424 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 845 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Шүүхээс 4278 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 751 сая 459 мянган төгрөгийн торгох ял шийтгэсэн ба гэмт хэргийн улмаас 64 тэрбум 457 сая 716 мянга 514 төгрөгийн хохирол учирсныг шүүх тогтоожээ.