Монгол Улсад анх удаа олон улсын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон хэлэлцэх эрдэм шинжилгээ, онол, практикийн долоо хоног болох “Монголын анхны Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног”-ийг зохион байгуулж байна.
Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног нь өндөр хөгжилтэй орнуудад хэвшсэн эрдэм шинжилгээний хурал, нээлттэй мэс засал, өргөн хэлэлцүүлэг зэрэг олон хэлбэрийн арга хэмжээнд оролцож эмч мэргэжилтнүүд энэ салбарын хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдээлэлтэй танилцаж, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг олгодог платформ юм.
Энэ удаагийн арга хэмжээнд Франц, Швейцар, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ гэх мэт 10 гаруй улсын 30 гаруй дэлхийд танигдсан профессорууд, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах, манай улсын шилдэг мэргэжилтнүүдтэй туршлага солилцохоор конгресст хүрэлцэн ирсэн билээ. Хурал энэ долоо хоногийн Даваа-с Баасан гаригийн хооронд үргэлжлэх бөгөөд 20 гаруй мэс заслыг гүйцэтгэж олон олон эмч нар шинэ технологийн талаар ойлголттой болох юм. Дашрамд дурдахад Төрийн Ордонд болох онолын хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нь хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг анхдагч эх сурвалжаас олж авах боломжтой. Хэлэлцүүлгийн гол анхаарлыг өвчтөнд нэн шаардлагатай үйлчилгээнүүдийн төлөвлөлт, хөгжүүлэлт буюу стратегийн чиг баримжаа төлөвшүүлэхэд хандуулах болно.
“Элэгний анхдагч өмөн эмчилгээний олон талт арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Монголын анхны Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоногийн хүрээнд дэлхийн арав гаруй орны шилдэг эмч мэргэжилтэн, судлаачид оролцож өөрсдийн туршлага мэдлэгийг хуваалцах гэж буйг дуулгахад таатай байна. Түүнчлэн Монгол улс дахь элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын хөгжлийн түвшнийг олон улсад таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх чухал ач холбогдолтой.
Энэхүү арга хэмжээ Хавдар судлалын үндэсний төвд Элэг цөс нойр булчирхайн мэс заслын алба байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж байгаа нь ач холбогдлыг нь улам тодруулж байгаа юм.
Монголчуудын амьдралын буруу хэв маягаас шалтгаалан нийт хавдрын өвчлөлийн 40%-ийг элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл эзэлж байна. Тиймээс эдгээр өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын стандартыг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоог дэлхийн жишигт нийцүүлэх, нутагшуулах зэрэг олон талт ажлыг эрэлхийлж байна.
Иймд Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног (HPBS Week)-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 08 дугаар сарын 09-ны өдрийн Төрийн ордонд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний онолын хэлэлцүүлэгт анхан шатлалын болон дотрын, хоол боловсруулах эрхтний эмгэг, дүрс оношилгоо, мэс заслын эмч нар болон бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн нарыг идэвхитэй оролцохыг урьж байна. Та бүхний оролцоо энэхүү хурлын цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэгтэй.
Хуралд оролцохыг хүсэгчид https://hbps.mn/registration/ холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлнэ үү.