Нийгэм
2023.08.15 10:10
8003
3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож чадсан С.Баярцогтод хэзээ хариуцлага хүлээлгэх вэ?

Юу ч болоогүй мэт авирладаг, улсынхаа баялаг руу улайран дайрагчид улам дээшээ мацсаар байна. Хоёрхон жилийн өмнө гэм буруутай байсан С.Баярцогт улс төрд эргэн ирж буйгаа нотолсон. 

Нотолсон гэдэг нь өөрийн биеэр Нийслэлийн прокурорын гадна хэвлэлийнхнээр хүрээлүүлж байгаад "би гэм буруугүй ээ, гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ" хэмээн зарласан юм. 

Түүний хэргийг эргэн сануулбал С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байдаг. 

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил болгож бууруулан ял оногдуулж байв.

Швейцарт нэг сая ам доллароо мартсан хэмээн олон нийтийг ангайлгаж явсан тэрээр улс төрийн ажилдаа ханцуй шамлан орж байгаа сурагтай. Гадуур, дотуур уулзалт хийж АРДЧИЛСАН НАМЫН даргын суудалд горилж байгаа гэнэ.

Түүний эх орныхоо эсрэг хийсэн гэмт үйлдлийг мартахгүй. Бид хариуцлага тооцож чадахгүй ч эргээд улс төрд орохыг нь зүгээр л хараад сууж хэрхэв ч болохгүй. Түүнд даргын суудал бус хариуцлагын суудал хэрэгтэй....