Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.16 15:48
23544
Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын нэрсийг зарлалаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээлэл танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт  ирүүлснийг shilen.gov.mn-д  өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ.

Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. 

Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59  нь үйлчилгээний зориулалттай барилга байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. 

Сэлбэ голын ай савд баригдсан S Outlets дэлгүүр

Шилэн систем:

Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны 05 сарын 27-ны өдрийн 275-р захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх Сэлбэ голын ай савд 576м2 газар олгожээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015.10.14-ний өдөр хүлээн авсан байна.  

Игазар  цахим хуудас. www.Egazar.gov.mn

НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа  2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2,409 м.кв болгон 5 дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилсөн.

            S outlets дэлгүүрийн барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа. Тухайн үед Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан. Нарийн бичгийн дарга нь М.Дунгармаа НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүцийн хяналтын албаны мэргэжилтэн. НЕТГ-ын Барилгын хяналтын инженер Д.Жүрмэддорж, архитектор Б.Нямдаваа, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилга, зураг төсөл хариуцсан байцаагч Л.Тэгшбаяр нарын зэрэг 19 хүнээс бүрдэж байжээ.

Туул голын ай сав дахь Ривер-Вилла

“Ривер вилла” хотхоныг 2021 оны 10 сарын 01-ний өдөр Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс хүлээн авсан. Захиалагч нь иргэн С.Нямдаваа, гүйцэтгэгч “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК, эзэмшигч нь “Маршал комфорт” ХХК. Нийслэлийн засаг дарга М.Энхболд 2002, 2003, 2004 онд, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 2022 онд газар олгожээ.

Амины орон сууцны зориулалтаар газар авсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан. Комиссын дарга нь С.Төмөрдулам, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга. Нарийн бичгийн дарга нь Ж.Жүгдэрмаа НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авсан байна. 

Дунд голын ай савд баригдаж байсан “Акуа гарден”

Нийслэлийн засаг дарга Э.Бат -Үүл 2013 А/951 захирамжаар Эм Энд Жи ХХК-нд 2013.10.18-ны өдөр ногоон байгууламж гэх зориулалтаар анх газар олгосон. Хотын дарга асан С.Батболд 2018 А/1111 захирамжаар үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, Д.Сумъяабазар 2022 А/17  захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолбор, орон сууцны зориулалтаар газар олгосон байна.  

Барилгын ажлыг түдгэлзүүлсэн, ашиглалтанд ороогүй учраас улсын комисс ажиллаагүй байгаа аж.