Нийгэм
2023.08.17 19:19
3514
“Алтан намар 2023” үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх 4 байршилд "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үйл ажиллагааны нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцлоо.

Тодруулбал нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Алтан намар 2023" арга хэмжээг 2023.08.02-ны өдрөөс 2023.11.15-ны өдөр хүртэл зохион байгуулах тогтоол жил бүр уламжлал болон гардаг. Энэ жилийн хувьд Баянзүрх дүүрэг манлайлал үзүүлж, "Алтан намар"-ын салхийг хагалж байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, 4 дүгээр хороо Жуковын талбай, 6 дугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байна.

Хүнсний ногоо тариалдаг өрхийн тариаланчдын хувьд хураасан ногоогоо борлуулахад багагүй хүндрэл үүсдэг. "Алтан намар 2023" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсанаар дээрх асуудал шийдэгдэхээс гадна тариаланчдын гар дээрээс нэмэгдэл үнэгүйгээр, шинэхэн ногоог хэрэглэгчид худалдаж авах боломж бүрдэж байна