Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай хэрэгжиж байна. Тус хөдөлгөөнийг улам бүр эрчимжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуйн салбар томоохон үр нөлөө үзүүлэх юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар эрдэнэ шиш, шар буурцаг болон ногоон тэжээлийн тариалангийн талбайд ажиллалаа.
"Дархан Халдун" ХХК-ийн тариалангийн талбайд очиход ургац арвин, ажил өрнүүн байлаа. Тус компани2019 оноос хойш хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрдэнэ шишийн тариалалтыг дотооддоо хөгжүүлэх мөн хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд нэгдэж газар тариалангийн салбарт хувьсгал хийх томоохон зорилго тавин ажиллаж буйгаа хэлсэн юм. Үүний дээр монгол малын чанар, ашиг шимийг сайжруулахаар Францын беричон үүлдрийн хонийг үржүүлж байна.
Тэрбээр баялаг бүтээгч Б.Батмөнх "Бид эрдэнэ шишээ олон улсын стандарт, технологийн дагуу тариалж байгаа. Манай оронд эрдэнэ шишийн тариалалт түгээмэл байдаггүй. Тиймээс энэ чиглэлээр тариалалт хийж хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа өнгө нэмэхийн хүссэн. Эрдэнэ шишийн хувьд гурван метр хүртэл өндөр ургаж байгаа. Нэг ишинд гурваас дөрвөн боргоцойт үр ургасан. Технологийн хувьд найман кластераар шийдэж өгсөн. Найман кластер гэдэг нь эрдэнэ шишээ тарихын тулд нэг дор найман үйлдэл хийхийг хэлж байгаа юм. Эрдэнэ шишийн болц нь 150 хоногт гүйцдэг байсан бол найман үйлдлийг хийснээр 100-120 хоногт болц нь гүйцсэн. Тариалалт хийхдээ технологийг нарийн баримталбал өдөр шөнө шиг ялгаатай үр шим хүртэнэ" гэлээ.
Эх орныхоо хөрсөнд эрдэнэ шиш тариалж буй тус хамт олон цаашлаад хүнсний хэрэгцээнд зориулан эрдэнэ шиш тариалж ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах арвин үйлсэд хувь нэмрээ оруулж, шинэ технологийг монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эрдэнэ шиш нь хүний биед тустай олон төрлийн амин дэмийг агуулдаг бөгөөд 25 мянган төрлийн хүнсний бүтээгдэхүүнд ашиглагддаг. Тиймээс энэ төрлийн ургамлын тариалалтыг орон даяар нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Манай орны хувьд эрдэнэ шиш тариалахад цаг агаар болоод хөрсний хувьд тохиромжтой, баялаг шим тэжээлтэй гэдгийг лабораторийн судалгаагаар баталсан байна.