Нийгэм
2023.08.24 10:17
3257
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай улам нягт, үр дүнтэй хамтран ажиллах болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад нэгдсэний 50 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад нэгдсэний 50 жилийн ойг тохиолдуулан "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ - Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар" сэдэвт олон талын уулзалт /2023.08.24/ Дундговь аймагт эхэллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

"Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад анх 1973 онд гишүүнээр элсэж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг сайжруулах эрхэм зорилгын төлөө хамтдаа хүчин зүтгэсний түүхт 50 жилийн ой тохиож байна.

Энэхүү хагас зуун жилд Та бидний хамтын ажиллагаа манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Манай улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр дүн, хэрэглээг сайжруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгалийн үнэт нөөцийг хайрлан хамгаалах чиглэлээр олон бодит үр дүнд хүрч чадсан.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах нэг суурь нөхцөл бол хүнсний хангамж, аюулгүй байдал юм.

Та бидний хамтын хүчин чармайлт нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн олон талын эерэг үр дүн авчрах, эцэстээ хүн ардын эрүүл мэнд, аж амьдралыг сайжруулахад чиглэгдэж байсан.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэхэд тус байгууллагын тууштай, үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд малын эрүүл мэнд, ойн аж ахуй, байгалийн нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээ, цахим хөдөө аж ахуй зэрэг олон талын хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэлхийн хэмжээний мэдлэг, туршлага, судалгаа шинжилгээ нь манай орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын судалгаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн болохыг тэмдэглэж байна.

Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргээс үүдсэн бараа, үйлчилгээний үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, байгаль цаг уурын таагүй байдлаас шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь дэлхийн улс орон бүрийн хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна.

Ийнхүү хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал эрсдэлд ороод байгаа нь улс орон бүрийн Тогтвортой хөгжлийн зорилтод сорилт учруулах боллоо.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөдөлгөөний үр дүнд ирэх 5 жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад бүс нутагт хүнс экспортлогч орон болж, хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Мөн уг хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилийн хугацаанд Монгол малын өвчингүй эрүүл бүс болох томоохон зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү цогц томоохон зорилтуудыг амжилттай ханган хэрэгжүүлэхэд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай улам нягт, үр дүнтэй хамтран ажиллах болно.

Хамтын ажиллагааны өнгөрсөн түүхэн 50 жилд олон чухал бодлого, арга хэмжээг Та бид хамтдаа хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх 50 жилд бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна.

Ялангуяа, Монгол Улсад малын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, кластерийн системийг хөгжүүлэх зэрэг олон чухал нэн шаардлагатай шинэчлэлүүдийг хамтдаа хэрэгжүүлж, иргэдийнхээ ажлын байрыг нэмэгдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэхэд Та бидний үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамт олон болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, хүн ардын хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх хүн төрөлхтний хамтын зорилгын төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээх болтугай" гэжээ.