Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.08.28 16:52
7088
АН өнөөдөр шийдэлд эс хүрвэл МАН-ын "тэжээвэр", ХҮН-ийн "дагуул" нам болох нь...

Удтал салан тусгаарлагдаж хоёр ч биш хорин толгойтой болоод буй АН өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүдээ шинэчлэн тогтоож, намын удирдах албан тушаалтнуудын томилгоог хийх ёстой ч намын найр "нанчилдаанаар" эхэлж, хэрүүл тэмцэлтэй үргэлжилж байна.

2020 оны сонгуулиас хойш гүйдлээ олохгүй яваа тус нам хэдэнтээ эвлэлдэж, эвдрэлцэж өдийг хүрэхдээ томоохон хурлуудаа удаа дараа хийх бүрийд ийн хэл ам дагуулсаар амжилттай болсон "хурал хуй" цөөхөн. АН-ын даргаар Л.Гантөмөр дээд шүүхэд бүртгэгдсэнээс хойшхи анхны ҮБХ хурал ч мөн элдэвтэй эхэлж буй нь өмнөх амжилтгүй хуралдаануудыг давтах нь уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Тэд томилгоо хийсэн ч хүлээн зөвшөөрөгдөх үү гэх асуудал мөн хөндөгдөнө.

Харин болох ёстой юм болдгоороо болж байгаа мэтээр АН-ын уугуул, суугуул гишүүд үүнийг үл тоон урьд нь С.Эрдэнэ даргынхаа хоолойг нь боож байсан юм чинь энэ удаагийнх бол асуудал биш гээд зогсож байх. 

Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд С.Одонтуяа гишүүний зүгээс намын Ерөнхий нарийн бичгийн даргаар З.Нарантуяаг сонгохоор эмэгтэй гишүүд санал оруулж буй гэдгээ илэрхийлсэн. Харин Д.Ганбат гишүүн ҮБХ-ны хуралдаан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын ивээл дор хуралдаж байна хэмээн шүүмжлээд авсан юм. 

Одоогийн байдлаар хурал хаалттай, хэрүүл үргэлжилсэн хэвээр гол асуудлынхаа үзүүрээс атгаагүй байгаа ч үе үеийн АН-ын "акул"-ууд гарын гэгдэх нэг нэг хүнээ нэр цохон албан тушаалд нь аман байдлаар томилоод буй талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Хэзээнээсээ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байсаар ирсэн АН өнөөдөр эцсийн байдлаар нэгэн шийдэлд хүрж чадахгүй бол 2024 оны сонгууль хаяанд ирсэн энэ цагт хүчтэй сөрөг хүчин байхаасаа нэгэнтээ хүчин мөхөстөж, МАН-ын "тэжээвэр", ХҮН-ийн "дагуул" нам болох нь гарцаагүй биз!